“Эрийн муу эмд” гэж нэг айхтар үг манайд бий. Чадал тэнхээтэй, эртэй бяртайд үгээ эгцхэн хараад хэлчих зориггүй хулчгар хэрнээ чансаатай яваа нэгнийх нь улыг долоох шахам бялдууч хэрнээ турьгүй, туниа муутай, сүр хүчгүй нэгэн рүү агсамнаж цамнаж явдаг ухааны хатгүй, эрийн шийргүй нэгнийг бид тийн зүйрлэж хэлдэг. Тэгвэл энэ нийгэмд яг ийм явдал болоод эхэлчихлээ. Улс нийгмийн хамгийн их хайр халамж, анхаарал, хишиг хүртэх ёстой давхарга гэж бий. Тэр нь хүүхэд, ахмад, өрх гэр толгойлсон аав, ээж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Яг энэ давхаргынхан тэгвэл бидний дунд хөсөр хаягдаж төрд ч хуулиар ч хамгаалуулах бололцоогүй нүд үзүүрлэгдэж байна.
Өдгөө манай нийт хүн амын 36 хувийг бүрдүүлдэг 0-16 насныханд хүн болохоор амьдарч бойжиж байгаагийнх нь төлөө төр юугаар хэрхэн шагнав. Энэ асуултад өнөөдөр хариулт алга. Даанч харамсалтай. “Хурааж хуримтлуулах чинь аав ээжийн чинь амьдралын боломжийн асуудал. Төр чамайг Монгол Улсад иргэн болж ирсэн хувь тохиолыг чинь хүндэтгээд сар бүр 20 мянган төгрөгөөр урамшуулна” хэмээн хүүхэддээ хишиг хувь хүртээдэг байсан нь хаана ч ам бардам хэлэх төрөөс өгдөг ганцхан “бэлэг” байв. Гэтэл тухайн хүүхэд зурагт үзэх орчинд байгаагийнхаа төлөө, хувцасаа автоматаар угаах боломжоор хангагдсаныхаа төлөө, хөргөгч, ус буцалгагчтай гэрт амьдарсаныхаа төлөө шийтгүүлчихлээ. Амьдралын бололцоотой, тансаг амьдралтай гэсэн хачин гоё бүлэгт аав ээжийг нь төр хүчээр чихээд хариуд нь хүүхдийнх нь “жижигхэн” цалинг таначихлаа. Ингэж ядарсан иргэдээ дээрэлхэх тухай хачин гунигтай мэдэгдэл хийхэд нь бидний хэн ч гоншигонож өгөө аваа яриагүй. Төр минь хямарсан бол охины минь, хүүгий минь мөнгө яах вэ, арай ч өлбөрөөд үхэхгүй биз. Улсынхаа эдийн засгийг сэргэтэл ухаантайхан харзная гэсэн. Нийтээрээ ийм уужуу ухаан гаргасан. Ёстой л өнөөх тэнэгийн дотор уужуу гэгч болсон. Гэтэл оюутан сурагчтай аав ээжүүд рүү төр төмөр нударгаа дахиад л зангидсан. Оюутны 70 мянга үр ашиггүй халамжийн тоонд зүй ёсоор багтаж байна гээд дахин хасав. Шоу цэнгээнийг өөхшүүлэхэд төр ийм байдлаар залуусыг санхүүжүүлэхгүй гэх гарцаагүй үнэн санагдаж болох тайлбар өгөөд Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр чимээгүй болсон. Иргэд дахиад л эргэлзэж тээнэгэлзэлгүй элдэв чимээ шуугиан өдөөлгүй энэ танхимд “тахимаа” өгсөн. МСҮТ-үүдийн сурагчид ч халамжийг хавтгайд нь хасаж байгаа дайнд сүйдсэн. Үүнтэй мөр зэрэгцээд өмгөөлөл хамгаалал хамгийн их шаардлагатай хүүхдийн хамгааллын тухай асуудлыг нүдэн балай чих нь дүлий байдлаар батлаж хэрэгжүүлэхээс зайлсхийн түлхчихсэн. Тэр нь гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гэхэд л гэр бүлийн хүчирхийллийн улмаас 88 хүн амиа алдсаны 98 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байна гэх тоо харагдсан. Үүний цаана тэмдэглэгдээгүй, олон нийтэд ил болоогүй хүчирхийллийн золиос болоод явж байгаа хүүхэд олон.
Сануулахад, хэдхэн жилийн өмнө хойд эцэгтээ зодуулж, дарамтлуулдаг байсан 11 настай хүү эрүүлжүүлэхээс удахгүй гарах ааваасаа айхдаа хөшигнөөсөө өөрийгөө боомилж амиа хорлосон эмгэнэлтэй хэрэг гарч байлаа. Мөн архичин эцэгтээ зодуулж, заазуурдуулчихаад цусаа гоожуулан дүүгээ тэврэн зогсохдоо дусал ч нулимс унагахгүй “Би том болоод бөх болно” гээд зогсох Идрээ хүүг өнөөдөр мартсан байх учиргүй. Ийм жишээг тоочвол хүүхэд хамгааллын асуудал хөсөр хаягдаад удаж буйг мэдэж болно. Тэгвэл өдгөө ч бидний дунд халуун сэдэв хэвээр байгаа нэгэн мэдээлэл мандсан нь хүүхэд харах үйлчилгээ эрхэлж цэцэрлэг, яаслигүй, хараа хяналтгүй, цоожлогддог хүүхдүүдийг харж хандахаар болоод байсан буянтай газруудын эрхийг цуцалж гэрийг нь буулгах бодлого хэрэгжиж эхлэхээр болж нийтийг бухимдууллаа. Хүүхдэд ээлээ өгч эхэлэх нь дээ гэх ганц аятайхан энэ санаачлагыг МАН шороотой нь хутгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр тушаал шийдвэрүүдээ цэгцлээд дүүргүүдэд хүргүүлээд эхлэв бололтой. Тэд 2021 оноос энэ тухай ярилцая хэмээн үзэж он гаруут гэр цэцэрлэгүүдийн эрхийг цуцлахаар зэхэж байгаа нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь тулгачихлаа. За яахав, “Улс орон мөнгөгүй. Эдийн засаг элгээрээ мөлхчихөөд байхад…” гэх өнөөх л улиг болсон тайлбараа хэлнэ гэдгийг нь гадарлаж байна. Гэхдээ түмэнд сайшаагдаж үр өгөөж нь үнэлэшгүй их ийм төрлийн хайр халамжийн амийг таслахгүй, амыг барихгүй байвал уг нь сайнсан. Өөрөөр хэлбэл, эмзэг бүлгийн цэцэрлэггүй 80 мянган хүүхдийн эрх ашгийг хүндэтгээсэй гэсэндээ МАН хүүхдэд хайргүй юм байна хэмээн хатуухан үг чулуудчихая.
Хэдийгээр мөнгө санхүүжилтийн ажил яригдах ч хэмнэх гэж яваад хямрал даллах зам руу халтирч байна уу гэх бодол төрөөд байх юм. Өнөөдөр цаг бусын үхэл, гэр бүлийн элдэв хүчирхийлэл, гал түймэр гэх мэтээр амь үрэгдэж байгаа нялхсын тоо сэтгэл эмзэглэм өсч байгаа нь төрд суугаа аав ээжүүдийн нүдэнд харагдаж сэтгэлийг сэмлэхгүй байна гэж үү. Зөвхөн зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо л гэхэд 2010 онд 28, 2011 онд 40, 2012 онд 43, 2013 онд 37, 2014 онд 48, 2015 онд 54, 2016 оны долоон сарын байдлаар 28 байна гэж бүртгэгдсэн байх. Мөн хүүхэд хамгийн их өртөж амь насаа алддаг гамшиг нь гал түймрийн аюул байна. Ийм нэг жишээ хэлэхэд манай улсад дунджаар 1700 гаруй гал түймэр гардаг бөгөөд үүний 57 хувьд нь хүүхэд тэр дундаа 3-6 насныхан өртөж амиа алддаг гэх харамсалтай тоо байна. Ивий халаг гэж. Гараад зугатая гэвч хаалга цоожтой, хашгираад тусламж эрэе гэвч харгалзаж сонсох хүнгүй тэд гэртэйгээ цурам болохыг хүсээгүй дээ хэмээн бодоход л эрхгүй хоолой зангирах юм. Ийм гашуун шийтгэлд төрийн гар оролцоод байна гэж бодохоос сэтгэл бачуурна. Тэгвэл хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг гэдэг энэ төрлийн зүй бус үхэл, эндэгдлээс хүүхдээ хамгаалах хамгийн сайн жишээ байсан юм. Ухаантайхан бодсон бол цэцэрлэг сургуульгүй гэртээ цоожлогдоод үлддэг алслагдсан гэр хорооллын үрсийг хамгаалдаг газар энэ төслөөр олон болж байлаа. Өлөн зэлмүүн багачуудыг унд хоолоор залгуулдаг гэр байв. Үр хүүхэддээ сэтгэл зовохгүйгээр эцэг эх хоёул ажил хөдөлмөр хийж болох нөхцөл бүрдсэн байв. Арай дөнгүүр нэг нь гэрээ хүүхэд сурч хүмүүжих боломжтой орчин болгож багагагүй мөнгөөр орон байраа тохижуулаад төрөөс дэмжинэ хэмээгддэг жижиг дунд бизнесийг хөгжүүлж байлаа. Үүнийг дагаад 15 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоолол гарч байсныг сануулая. Энэ мэт хүүхэд харах үйлчилгээний сайн сайхан талыг тоочвол дуусахгүй байлаа. Гэтэл МАН Засгийн эрх барьж эхлээд эхний 100 хоногийнхоо босгон дээр хүүхэд рүү чиглэсэн харгис бодлогыг ээлж дарааллан ийнхүү эрчимжүүлчихлээ. Яг л өнөөх эрийн муу эмд гэдэг шиг. Хамгийн эмзэг турьхан, юуг ч таньж мэдэж амжаагүй нялх балчирууддаа монголын төр хатуурхах нь тун сонихон.
Эх сурвалж: Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.