Угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан. Тиймээс сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүд болон угаартсан айлуудын хэрэглэсэн түлшнээс дээж авч, гурван лабораторит давхар шинжлүүлжээ.
Эдгээр шинжилгээний хариуг дөнгөж сая Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар танилцууллаа. Тодруулбал, сайжруулсан түлшний 95 хувийг Өмнөговиос авчирсан угаасан нүүрс, 2.5 хувийг барьцалдуулагч бодис, 1 хувийг нь бэхжүүлэгч бодис, 1 хувийг шохой эзэлдэг бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хойш Мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол шалгаж байсан. Өнөөдрийг хүртэл тус түлшнээс 30 мянга гаруй тонныг иргэд худалдан авч хэрэглээд байгаа хэмээн Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлсэн юм. Тэрбээр “Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 17 цэгээс 23 дээж авч, АМГТГ-ын харъяа лаборатори, геологийн төв лаборатори, Гаалийн төв лаборатори гэсэн гурван лабораторит шинжлүүлсэн. Тус гурван газрын дүгнэлт гарсан” хэмээв.
Мөн Шинжилгээний хариуны талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Хордлогод өртсөн айлуудын хэрэглэсэн түлшнээс дээж авч, шинжилгээ хийлгэсэн. Геологийн төв лабораторид 9 дээж шинжлүүлсэн. Үүнд Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан иргэдээс 5, Баянзүрх дүүргээс 1, Сонгинохайрхан дүүргээс 2, Хан-Уул дүүргээс 1 дээж тус тус өгсөн. Нэр бүхий 19 айлаас авсан дээжүүдийн чийглэг нь стандартын шаардлага хангасан, үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой байдаг ба 23-24 гэсэн үзүүлэлттэй, дэгдэмхий чанар нь 22 буюу түүнээс бага байх стандарттай байдаг ба 18.9-20.3 хооронд хэлбэлзэж гарсан. Хүхэр 1 буюу түүнээс бага байх стандарттай ба 0.95-1.04 гарсан байна. 1.04 нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэнийхээс гарсан. Илчлэг 4200 буюу түүнээс бага байх ёстой ба бүгд 6200 буюу түүнээс дээш гарсан гэсэн хариуг ирүүлсэн. Тус хариунд дүгнэлт гаргаад Нийслэлийн Онцгой комисст хүргүүлнэ” гэв.
Тэгэхээр албаны хүмүүсийн тодруулж буйгаар АМГТГ-ын харъяа лабораторид мөн угаартсан айл өрхүүдээс авсан дээж, Тавантолгой түлш компанийн хоёр үйлдвэрийн түлш болон нунтагаас давхар дээж авч шинжлүүлсэн. Улмаар шинжилгээний хариугаар бүгд дээрх стандартуудыг хангасан байна.
“Тавантолгой түлш-2”-т үйлдвэрлэж буй угаасан нүүрсийг үзэхэд чийглэг нь 1.5 хувь байсан бөгөөд үүний бүтээгдэхүүн болох сайжруулсан түлшний чийглэг 3 хувьтай гарсан. Стандарт нь 10 буюу түүнээс бага байх ёстой гэсэн юм.
Түүнчлэн Гаалийн төв лабораторит цардуулыг нь шинжлүүлсэн байна. Тус газраас ирүүлсэн хариунд “Бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд уг дээж нь цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна” хэмээсэн. Одоо хүмүүс химийн бодис зэрэг хуурамч зүйл хийснээс энэ түлш хордуулж байна гэж яриад буй. Энд химийн бодис байхгүй. Дээрх хүмүүс химийн хордлогод өртөөгүй, угаартсан. Лабораторийн дүгнэлтүүд өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллаас хийж байсан шинжилгээний хариунуудтай яг таарч байна” хэмээн мэдэгдлээ.
Дээрх гурван лабораторийн дүгнэлтийг үндэслэн одоо улсын байцаагч албан ёсны дүгнэлт гаргана. Албан ёсны нэгдсэн хариуг Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаар дамжуулж олон нийтэд хүргүүлнэ гэдгийг мэдээллийн төгсгөлд хэллээ.