Бизнес эрхлэгчдэд гадагшаа чиглэсэн “түмэн” гарц нээгдэж байна

2019-10-4 Нийгэм

 

 

 

“МҮХАҮТ дэлхийн брэндийг Монголд бүтээнэ” гэсэн том зорилготой ажиллаж байгааг танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд экспортлох зорилготой “ХИЛ ДАМНАСАН ЦАХИМ ХУДАЛДАА E-ЭКСПОРТ” төсөл хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр мэдэгдэв. Тэд энэхүү зорилгынхоо эхний алхмыг ч хийжээ.    

Манай улс “Хөгжлийн зам” хөтөлбөрийн БНХАУ-ын “Бүс ба зам” бүтээн байгуулалтын санаачлагатай уялдуулан хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж буй юм. Энэ хүрээнд “Монгол Экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжих зорилгоор МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран “ХИЛ ДАМНАСАН ЦАХИМ ХУДАЛДАА E-ЭКСПОРТ” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийг МҮХАҮТ болон ӨМӨЗО-ны Баяннуур хотын төлөөлөгчийн газар хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэгвэл өнөөдөр тус төслийг танилцуулах бизнес уулзалтыг МҮХАҮТ-аас зохион байгуулан ААН болон бизнес эрхлэгчдэд хүргэсэн юм.

Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин эл үеэр энэхүү төсөл манай улсын ААН болон бизнес эрхлэгчдэд ямар өгөөжтэй болоод улс эх орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар байр сууриа илэрхийлсэн юм.  Тэрбээр “Манай ААН болон бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах гэж дангаараа нэлээд зүтгэсэн. Гэвч ашиг олсон ч бага, амжилтад хүрсэн ч үгүй юм. Тиймээс бултаараа нийлж, дэлхийн брэндийг Монголд бүтээе. ӨМӨЗО бол маш том зах зээлтэй, 20 сая гаруй хүн амтай. Бидэнд өнөөдөр хамгийн дөхөм хамгийн том зах зээл бол урд хөрш маань юм. Тиймээс бид газар нутгийнхаа байршлын онцлогоос хамааран энэ том зах зээлээр дамжуулан дэлхийд гарах “гарц” байгааг харах хэрэгтэй…” хэмээн онцолж байсан юм.

Харин Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн далайд гарцгүй, зам тээвэр муу хөгжсөн манай орны хувьд, цахим худалдаа оновчтой алхам болохыг тодруулж байв. Ер нь дэлхий нийтэд цахим худалдааны “эрин” эхлээд байгаа ч БНХАУ тэргүүнд нь явааг зочид дуу нэгтэй хэлж байсан юм.

Мөн “Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төслийн удирдагч Д.Ариунжаргал “Оролцогчдод тодорхой хэмжээнд шаардлага тавих ч аль болох олон байгууллагыг хамруулахын тулд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана. Эхний ээлжид ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын арьсан эдлэлийг экспортлохоор төлөвлөж байгаа” хэмээлээ.

Төслийн хүрээнд Монголын бараа бүтээгдэхүүнийг Хө тао цахим худалдааны платформоор дамжуулан худалдаална. Уг платформд одоогийн байдлаар нийт 300 гаруй цахим худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. 2015 онд нийт 80,000 тоо ширхэг захиалга аван 36,000,000 юанийн борлуулалт хийж байсан уг платформ нь 2017 онд нийт 3,000,000 тоо ширхэг захиалга авснаар 500,000,000 юанийн борлуулапт хийсэн үзүүлэлттэй байгаа аж.

 

Тэгэхээр манай бизнес эрхлэгчдийн хувьд, үнэндээ гадагшаа харилцаа тогтоож, бизнесээ өргөжүүлэх боломж хомс байдаг. Зарим нэгэнд нь ямар нэгэн гарц байлаа ч өндөр татвар, олон бичиг баримт бүрдүүлэх гээд зовлон их. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр салбарынханд олон боломж нээгдэж байна. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хамгийн том асуудал болсон гаалийн 40 хувийн татвар. Харин энэхүү төслийн үр дүнд тухайн бизнес эрхлэгч бүтээгдэхүүнээ төсөл хэрэгжиж буй хотод зарж борлуулсныхаа дараа татвараа төлөх гэх мэт олон боломжийг эдлэх юм.

Түүнчлэн энэхүү төслийн хүрээнд Баяннуур хотын цахим худалдааны платформ төвүүдийг түшиглэн манай улсын бараа бүтээгдэхүүнийг урд хөршид болон цаашлаад Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд хамгийн дөт зам, шинэ гарц, шинэ боломжоор нэвтрүүлэхэд оршино. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан экспортын зах зээлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тээвэр ложистик, хил гаалийн бүрдүүлэлт зэрэг нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

 ТӨСӨЛД ХАМРАГДАХ ПРОЦЕСС:

  • Албан бичгээр хүсэлтээ албан бичгээр хүргүүлэх
  • Зах зээлийн судалгаа /Ижил төрлийн бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа, Бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал давуу талыг тодорхойлох, Зорилтот зах зээлийгтодорхойлох, Хэрэглэгнийн зан үйлийн судалгаа, Эрсдлийн үнэлгээ/
  • Бүтээгдэхүүнээ хөгжүүлэлт /Маркетинг стратеги боловсруулах/
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэх төсөл, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт/
  • Экспортод бэлтгэх /Стандарт, лаборатийн шинжилгээ Гаалийнбүрдүүлэлт Зөвшөөрөл Татвар, бусад/
  • Борлуулалт /Маркетинг борлуулалт Цахим худалдааны нэгдсэн сайт в Сүлжээ супермаркетууд/
  • Төлбөр тооцоо /Санхүүгийн найдвартай цахим сүлжээ, Агуулах борлуулалтын хяналт/

“Хил дамнасан цахим худалдаа Е-Экспорт” төсөлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл авахыг хүсвэл МҮХАҮТ-ын 204 тоотод очих болон info@meito.mn цахим хаягаар холбогдох боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.