Найман аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортлохыг зөвшөөрчээ

2017-04-24 Мэдээ, мэдээлэл

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хаврын тариалалтын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа /үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай/, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, тогтвортой өсөлтийг бий болгох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Үр тариалангийн даатгалын тухай хууль болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тариалангийн талаарх зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн бөгөөд 4.1 мянган тонн буудайн үр дутагдаж байгааг зохицуулах арга хэмжээг авч, 2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна.

Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрсдийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахуйн нэгжид 820 тонн үрийн буудайг импортоор авах зөвшөөрөл олголоо. Тариалалтад зориулан нөөцөлсөн буудайн үрийг цэвэрлэж дугаарлан стандартад тэнцүүлэх, нарлуулах, ариутгах ажил явагдаж байна.

М.Тунгалаг

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.