Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Өмнөд Азийн бүсийн Озоны албадын “Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг хэрэглээнээс гаргахад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн орлуулах бодисыг бууруулах ажлыг идэвхжүүлэх нь” сэдэвчилсэн хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
Хуралдааныг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат үг хэлсэн ба тэрбээр Монгол Улсын Монреалийн протоколыг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн 20 жилд олсон ололтыг нэгтгэн дүгнээд Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол улс ойрын үед батламжлах бэлтгэл хийж байгаа тухайгаа мэдэгдэв.
Түүний дараагаар НҮБ-ын Озоны нарийн бичгийн даргын орлогч хатагтай Мэгуми Сэки үг хэлэхдээ энэхүү хуралдааныг эх орондоо зохион байгуулж байгаад Монгол Улсын засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад талархсанаа илэрхийлээд Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт дэлхийн дулаарлыг сааруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд оруулах хувь нэмрийг дурдаад, Өмнөд-Азийн бүсийн орнуудын озоны албадын мэргэжилтнүүдэд зориулсан энэ сэдэвчилсэн хуралдаан үр өгөөжтэй болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв .
Мөн хуралдаан дээр Монреалийн протоколын Азийн бүсийн зохицуулагч ноён Шаофенг Ху хэлсэн үгэндээ хэдийгээр энэ хуралдаан гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийг бууруулахад зориулсан идэвхжүүлэх үйл ажиллагааны төслийн талаар хэлэлцэх боловч дараагийн хэдэн жилд улс орнууд гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисыг бүр мөсөн хэрэглээнээс гаргах буюу ялангуяа 2020 онд суурь түвшнээс 35% бууруулах үүргээ биелүүлэхэд анхаарлаа илүүтэйгээр хандуулах ёстойг сануулав.
Хуралдааны нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Озоны үндэсний албаны захирал проф. Ц.Адъяасүрэн үг хэлж, Монгол Улс Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд олон улсын байгууллага, гадаадын улс орнуудын туслалцаа өндөр ач холбгдолтой байдаг ба үндэсний оролцогч талууд мөн чухал үүрэг гүйцэтгэдгийг цохон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Энэхүү хуралдаанд Афганистан, Бангладеш, Бутан, БНХАУ, Иран, Малдив, Монгол, Непал, Пакистан, Өмнөд Солонгос, Шри Ланка зэрэг орнуудын озоны албаны мэргэжилтнүүд, Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Озоны нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгч нийлсэн 31 зочин, төлөөлөгч оролцож Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг батламжлах талаар хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, озоны цоорлоос дэлхий нийтийг хамгаалах асуудлаар улс орнууд өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар харилцан арга туршлагаа солилцлоо.
Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ цаашид амжилттай биелүүлэхийн тулд улс орнууд зөвхөн цаашдын зорилгодоо анхаараад зогсохгүй өмнө хүрсэн амжилтаа тасралтгүй бататгаж байх нь чухал болохыг сүүлийн жилүүдэд озон задалдаг CFC-11 төрлийн бодисын ялгарал эргэн нэмэгдсэн явдал харуулж байгааг хурлын зохион байгуулагчид, оролцогч Тал-Улс орнуудын төлөөлөл сануулж байв. Үүнтэй холбогдуулан Талууд хлорфтфторт нүүрстөрөгч (ХФН/CFC), ГХФН/HCFC төрлийн бодисуудын хэрэглээ эргэж нэмэгдэхгүй байхад хяналт тавихын тулд Хянах, Тайлагнах, Баталгаажуулах, Хэрэгжүүлэх (MRVE – Monitoring, Reporting, Verification and Enforcement) тогтолцоогоо цаашид улам бэхжүүлж, хэрэгжүүлэх асуудал хурлын үеэр хэлэлцсэн нэг чухал сэдэв байв.
Ойрын хугацаанд Талуудын нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал бол 2020 онд озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгч төрлийн бодисыг суурь түвшнээс 35% бууруулах ба үүнийг тогтвортой хадгалж, цаашид бүрмөсөн хэрэглээнээс гаргахын тулд ГХФН/HCFC бодисын одоогийн эрэлт, хэрэгцээг багасгах, шинэ төрлийн хэрэглээг хязгаарлах, нийлүүлэлтийг хянах зэрэг болно. Ингэхийн тулд Талуудыг ГХФН/HCFC төрлийн бодист суурилсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн импорт, хэрэглээг хязгаарлахыг олон улсын байгууллагаас зөвлөмжлөв.
Эцэст нь Монреалийн протоколын дараагийн шатны зорилт болох Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг ойрын хугацаанд батламжлах гидрофторт нүүрстөрөгч төрлийн бодисыг үе шаттай бууруулах бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг хурлын үеэр хэлэлцсэн ба Монгол Улсын хувьд 2020 оноос эхлэн ГФН/HFC төрлийн бодисын импорт, хэрэглээнд хяналт тавьж, тайлагнах үүрэг хүлээж байгаа билээ.
Мөн энэхүү хуралдааны үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Озоны үндэсний алба озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг дэмжих, олон нийтэд түгээх зорилгоор “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи (O2C)” сэдэвт үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, үзэсгэлэнд хөргөлт, агааржуулалтын техник, технологийн дэд салбарт хамаарах барилгын агааржуулалтын тоног төхөөрөмж, автомашины агаар сэлгүүр, худалдааны зориулалттай хөргөлтийн систем, гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч салбарт хамаарах өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд нэвтрээд байгаа техник технологийг дэлгэн үзүүллээ.
Хөргөлт, агааржуулалтын салбар хэд хэдэн эдийн засгийн хүрээг хамарч байгаа бөгөөд манай улсын уул уурхай, авто тээвэр, барилга, худалдаа, үйлдвэрлэлийн үндэсний шилдэг компаниуд, сургалт судалгааны байгууллагууд зэрэг нийт 17 байгууллага озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник, технологи бүхий тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэсэн байна.
Үзэсгэлэнгийн үеэр хөргөлт, агааржуулалтын техник, технологийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал хэтийн төлөвлөгөө, бодлогын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг болж, оролцогчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Япон Улс, БНХАУ-ын экспертүүдээс озон-уур амьсгалд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй хөргөлт, агааржуулалтын шинэ, шилдэг дэвшилтэт технологийн талаар дэлхий нийтийн бодлого, технологийн шинэчлэлийн тухай цогц мэдлэг, мэдээллийг нэг дор авсан байна.
Үзэсгэлэнд нийслэлийн олон байгууллага, иргэд төдийгүй хөдөө орон нутгаас эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникчид зорин ирж оролцлоо. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан компани, аж ахуй нэгжүүд өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологийг Монгол Улсын бодлого боловсруулагчид, аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчдөд танилцуулж, хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарын одоогийн чиг хандлага ирээдүйд Монголын зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар олон талаас нь нухацтай хэлэлцэв.
Монреалийн протокол (1987)-ыг хэрэгжүүлсэн 30 гаруй жилийн хугацаанд дэлхийн улс орнууд түншилж, хамтын хүчин чармайлтаа нэтгэснэээр озон задалдаг 100 гаруй химийн бодисын 99 гаруй хувийг үе шаттай бууруулсан ба энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн Монреалийн протокол нь 198 Талтай буюу дэлхий нийтийн дэмжлэг авсан түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц байгаль орчны тухай хэлэлцээр юм. Өнөөдрийн байдлаар озоны давхарга нөхөгдөх шинж үзүүлж байгаа ба энэ зууны дунд үе гэхэд бүрэн гүйцэд нөхөн төлөгдөнө хэмээн судлаачид тооцоолж байна.
Озон задалдаг бодисыг орлуулах бодис болгон хэрэглээнд нэвтрүүлсэн хүчтэй хүлэмжийн хий болох гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулах зорилготой Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт энэ жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж, дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн нэг том алхам хийгээд байна. Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг дэлхийн улс орнуудын засгийн газар, хувийн хэвшил, иргэд, олон нийт бүрэн дэмжиж, хэрэгжүүлбэл озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалаад зогсохгүй дэлхийн дулаарлыг 0.40С-аар багасгаж чадах юм.
БОАЖЯ-НЫ ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБА
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.