Таны өгсөн сэтгэлийн хандив сэтгүүлч М.Уянгын амь нас, элэг бүтэн амьдралыг аварна

2019-08-28 Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн салбарынхан сэтгүүлч М.Уянгын амь насыг аврах аян өрнүүлж эхлээд байгаа бөгөөд түүний нөхөр Ц.Ариунболд болон Монголын сэтгүүлчдийн төлөөлөл, ETV телевизийн хамт олон өнөөдөр /2019.08.28/ мэдээлэл хийлээ. Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянга нь бөөрний архаг дутагдлаас болж, хор нь цааш тархан элгэндээ нөлөөлж, өдрөөс өдөрт бие нь муудсаар байгаа юм. Төрсөн ах нь донор болох боломжтой ч цусны бүлэг нь өөр учир Монголдоо хагалгаанд орох боломжгүй. Харин цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхэд 120 сая хэрэгтэй болоод байгаа юм.

Энэ талаар Монголын сэтгүүлчдийн төлөөлөл болсон Т.Ганзул, Ө.Отгонбаатар, Э.Дагиймаа нар “Өсөх дэвжих ирээдүйтэй, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ажилдаа шаргуу үнэнч, бидний найз сэтгүүлч М.Уянгын маань амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хоёр жилийн өмнөөс М.Уянга маань бөөрний архаг дутагдалтай болсон талаар бидэнд хэлж байсан. Сүүлийн нэг жил бие нь эрс муудаж өнөөдөр ийм байдалд хүрлээ. Монголын сэтгүүлчдийн холбоо болон телевизийн салбаруудаас чадах чинээгээрээ тусалж, нэг өдрийн цалингаа ч мөн хандивлаж байна. Иймд мэргэжил нэгт найз нөхөд болон Монголынхоо ард түмнийг хандивын аянд нэгдэж сэтгэлийн дэм хайрлаач. Далайд дусал ч нэмэр болдог юм” хэмээн хэллээ.

М.Уянгын нөхөр Ц.Ариунболд “Эхнэр бид хоёр ханилаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийг хүртэл эхнэр маань өвчинтэйгөө шаргуу тэмцэлдсээр ирсэн. Миний хань хөдөлмөрч, тэвчээртэй бүсгүй. Цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдарч ирсэн залуу гэр бүл бидний хувьд 120 сая төгрөг гэдэг бол маш их мөнгө. Бид ганц хүүтэй. Миний хүү ээжийгээ эдгэрнээ гээд итгэл тээн хүлээж суугаа. Хэрвээ бид энэ хагалгаанд орж чадвал эхнэр маань эргэн хөл дээрээ босч чадна. Тийм учраас Монголын сайхан сэтгэлт ард түмэн та бүхэн маань бидэнд туслаач” хэмээн ярилаа.

Таны өгсөн сэтгэлийн хандив сэтгүүлч М.Уянгын амь нас, элэг бүтэн амьдралыг аврах алтан боломж юм.

Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.Уянга

Утас:  94699363,  99122471

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.