Цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 30 мянган хүүхэд бий
2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн.
Байгууллагын стандартын шаардлага хангасан есөн цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, зургаан цэцэрлэгт есөн гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй.
Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх олон чиглэлийн арга хэмжээ авч ажилласан хэдий ч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн барилга ашиглалтын коэффициент 1.9 хувьд хүрсэн, хүчин чадал нь хамран сургах тойргийнхоо хүүхдэд хүрэлцдэггүй цэцэрлэгийн хувь буураагүй, нэг бүлэг, багшид ногдох хүүхдийн тоо хоёр дахин их, төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хорооны болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны 30000 гаруй хүүхдүүдийн боловсрол зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.
Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд 2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хоёр настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
I.Дүүргийн боловсролын хэлтсүүдэд
- Дүүргийн хэмжээнд хэлтсийн даргаар ахлуулсан “Цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон төлөвлөх, зохион байгуулах, хянаж үнэлэх үйл ажиллагааг гүйцэтгэх
- Цахим бүртгэл, элсэлтийг хариуцах мэргэжилтэнг тогтмол ажиллуулах, холбогдох мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаарыг иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах
- Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийн судалгаа, 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо болон бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д нэмэлт сайжруулалт, баяжилтыг хийхтэй холбогдох мэдээллүүдийг тухай бүрд зохих түвшинд гүйцэтгэн ирүүлэх
- Иргэдэд хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбогдох таниулан сурталчлах ажлыг бүртгэл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах
- Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг боловсролын хэлтэст 2019 оны 7 дугаар сарын 22-оос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж хяналт тавих
- Мэдээлэл технологийн газартай хамтран зохион байгуулах сургалтад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан болон цахим бүртгэл, элсэлтийн техникийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгчдийг бүрэн хамруулах (2019 оны 07 дугаар сарын 18, 08 дугаар сарын 19 10.00 цаг Багшийн хөгжлийн ордон)
- 24 цагийн цэцэрлэгийн (бүлгийн), тусгай, сувиллын цэцэрлэгүүдийн түүнчлэн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн болон багш, ажилчдын хүүхдийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
- “Цахим элсэлт” зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдлагаар хангах, зөвлөн туслах (Анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, оролцогч талуудын төлөөллийг бүрэн хамруулсан байдал, мэдээллийн ил тод байдал гэх мэт.)
- Шинээр элсэх хүүхдийн тоо нь хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох нэгдсэн мэдээллийг тухай бүр өгч ажиллах
- Бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх
II. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд
“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
- Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүйд арга зүйч болон эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажилтан хариуцан зохион байгуулах
- Цахим бүртгэл, элсэлттэй холбогдох мэдээллийг тухай бүрд нь үнэн зөв, үндэслэл сайтай, тодорхой гаргаж ирүүлэх, шаардлагатай тохиолдолд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д мэдээллийг шинэчлэх асуудлыг тогтмол гүйцэтгэх
- 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжлэн суралцах хүүхдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д шинэчлэн байршуулах
- Зөвхөн тухайн жил шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах
- Үргэлжлэн суралцах хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид цэцэрлэг дээр 08 дугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж баталгаажуулан гурвалсан гэрээг шинэчлэн байгуулах
- 2017 оны IX-XII сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг зохистойгоор шийдвэрлэх (2 нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийх зэргээр)
- Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох (“Бага” бүлэгт 30-аас ихгүй байхаар)
- Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож, дараах баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн нэмж элсүүлэх
№ |
Шалгуур |
Бүрдүүлэх материал |
1 |
Бүтэн өнчин хүүхэд |
Асран хамгаалагч тогтоогдсон. |
- Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж
- Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
Асран хамгаалагч тогтоогдоогүй. |
- Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
- Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
2 |
Хагас өнчин хүүхэд |
Эцэг нас барсан. |
- Эцгийн нас барсан гэрчилгээ
- Эхийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
Эх нас барсан. |
- Эхийн нас барсан гэрчилгээ
- Эцгийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
Шүүхийн шийдвэртэй. |
- Шүүхийн шийдвэр
- Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
3 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд |
Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон. |
- Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./
- Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар
- Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Гурвалсан гэрээ
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
- Холбогдох бусад бичиг баримт
|
- “Ажиллаж байсан”, “Ажиллаж байгаа” ажилтны төрсөн үр садын элсэлтийн үйл ажиллагааг байгууллагын түвшинд, ажлын хэсгийн хуралдаанаар, холбогдох баримтыг үндэслэн, хяналтын тооноос ихгүйгээр зохион байгуулах
- Шинээр элсэх 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах ба энэхүү үйл ажиллагааг эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэх
- Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг цэцэрлэг дээр 2019 оны 08 дугаар сарын 12-аас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх
- “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг цэцэрлэг дээр бэлтгэл сайтайгаар холбогдох төлөөллийг бүрэн оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх
III. Эцэг эх, асран хамгаалагчдад
- Оршин суугаа газартаа үндсэн бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Түр оршин суугаа хаягаар бүртгэл хийгдэх боломжгүйг анхаарах
- Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 22–оос зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу.)
- Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.
- 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зааврыг баримтлах
I. Цахим бүртгэл:
- Эцэг эх, асран хамгаалагчид 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхдээ www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товчийг дарж нэвтэрч орно.
- Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаяг, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Хүүхдийнхээ мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
- Таны гар утсанд ирэх бүртгэлийн 6 оронтой дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
- Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хугацаанд хадгална.
II. Цахим элсэлт:
Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
- Хүүхэд цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
- Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
- Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл”-ийн үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд;
- Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
- Үргэлжлэн суралцах хүүхдийн бүртгэл шалгах үйл ажиллагаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд;
- Шинээр болон үргэлжлэн суралцах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
- Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.
“Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж
- “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
- “Цахим элсэлт” дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү нэвтрэн бүртгэлийн дугаараа хийж шалгах боломжтой.