Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч амралтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Энэ хүрээнд төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн асна. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрныг тохижуулж замыг зассан. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийх боломжгүй. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга барьж байна. Жишээ нь, өнөөдөр баяр наадмын урианхай сурын харваа эхэлж байхад энд барилгын ажил ид өрнөж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж, энэ сарын 8-наас барилгын ажлыг түр зогсооно.
Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасаж байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярив.
Үндэсний бөхийн салбар хорооны хурлаас 2017, 2018 онд сэргээшийн шинжилгээгээр хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон найман бөхийг энэ жилийн наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гарсан гэж тус хорооны нарийн бичгийн дарга Д.Жанчивдорж хэллээ.
Хүй долоон худагт зургаан насны хурдан морьны уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолтыг нас насны морьд барианд ирэхээс өмнө зохион байгуулна. Долдугаар сарын 12-нд шүхрийн спортын үзүүлбэр болно. Мөн 11-12-нд “Соёлын наадам” болно гэж Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар ярилаа.
Төв цэнгэлдэх орчимд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгосон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.