УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ, УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авдаг байх, хэрвээ олонхын дэмжлэг аваагүй тохиолдолд, Ерөнхий сайд огцорч байхаар хуулийн төсөлд тусгасан. Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан.
Шүүгчдэд тавих шаардлагыг нэмэгдүүлж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн 9 жилийн хугацаанд нэг удаа томилогддог байх, ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлэх, дөрвөн жилийн хугацаанд зөвхөн нэг удаа сонгож байхаар тусгажээ. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоог оруулжээ. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрнө. Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг Үндсэн хуулинд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм.
Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм.
УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна.
Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх хүрээнд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзаж Засгийн газрын танхим бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, УИХ-аар улсын төсөв хэлэлцэж батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглосон. Мөн Засгийн газрын танхим дахь УИХ-ын гишүүний тоог хязгаарлах заалт оруулжээ.
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь дэмжсэн юм. Ийнхүү хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулснаар чуулганыг завсарлуулсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд тус тусынхаа тойрогт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан, саналыг нь авах ажил орон даяар өрнүүлсэн. Энэ сарын 1-ний байдлаар нийт 40 мянга 930 иргэний саналыг аваад буй юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Энэ үеэр иргэд сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгодог байх заалтыг иргэд эсэргүүцэж байна. Тодруулбал, иргэдээс сонгогдсон Засаг дарга нар дээд шатныхаа удирдлагуудад захирагдахаа больж, хамаарал бүхий хүмүүсээ төрийн албанд авах магадлалтай хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн сум, дүүрэгт татвар тогтоох эрх өгөх заалтыг ч хасах санал гаргаж байна” хэмээсэн.
Татварын хувь хэмжээг сум, дүүргийн ИТХ тогтоодог байх заалт одоо ч холбогдох хуулиудад бий гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. Түүнчлэн сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгодог байхыг хуулийн төсөл боловсруулах явцад иргэд дэмжсэн хэмээн тайлбарлав.
Ийнхүү УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн, “Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” гэсэн заалтыг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаргав. Уг заалтыг сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны ИТХ-ын санал болгосноор дээд шатны Засаг дарга нь томилдог байхаар өөрчлөн найруулах санал гаргасан ч олонх дэмжсэнгүй.
Мөн, “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна” гэсэн заалтыг хасах санал гарчээ. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн тул Үндсэн хуульд заах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тайлбарласан ч мөн л олонхын дэмжлэг авсангүй.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтын насны хязгаарыг 50 болгон бууруулах санал гаргав. Тэрбээр, “55 нас гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд тэтгэвэрт гардаг үе. Тиймээс насны хязгаарыг бууруулахгүй бол эмэгтэйчүүд нэр дэвших боломжийг хязгаарлаж байгаа юм” хэмээн саналаа тайлбарласан. Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн заалтыг ч, Н.Оюундарь гишүүний саналыг ч дэмжээгүй тул уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр тогтов.
Харин төслийн 51.3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтыг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн А.Ундраа гаргав. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь анхан болон давж заалдах шатны шүүхэд 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур нэмэх санал гаргасан юм. Төсөлд анхан болон давж заалдах шатны шүүгчид тавих шаардлагыг тодорхой заасан боловч Улсын дээд шүүхийн шүүгчид зөвхөн хуульчийн мэргэжлээр 15 жил ажилласан, 40 настай байхаар заасан хэт энгийн заалт хэмээн үзжээ. 40 нас хүрсэн хүн өмнө нь шүүгчээр ажиллаж байгаагүй бол аливаа хэрэг, маргаанийг шийдвэрлэхдээ туршлагагүйтэх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Уг саналыг гишүүдийн олонх мөн л дэмжсэнгүй.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Төслийн 21.4 заалтад “Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” хэмээн заасан. Уг заалтад “Сонгуульд улс төрийн нам болон иргэн бие даан нэр дэвшиж болно” гэсэн заалт нэмэх хэрэгтэй” гэсэн санал гаргасан ч олонхын дэмжлэг авсангүй.
Ийнхүү санал, дүгнэлтээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.