Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
“Зориг сан”-гаас Улаанбаатар-Денвер эгч дүү хотын зөвлөлтэй хамтран энэхүү хөтөлбөрийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна.
“Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол Улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-гийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Эх орноо төлөөлөл сурагч солилцооны хөтөлбөрөөр Денвер хот руу явах гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Илүү их зүйлийг сурч, мэдэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн манай улсад хүрэлцэн ирсэн Денвер хотын хүүхдүүддээ ч сурч мэдэх үйлсэд нь амжилт хүсч байна” хэмээв
Өнгөрсөн 14 жилийн хугацаанд сурагч солилцооны хөтөлбөрт Монголоос 76 багш, сурагч хамрагдсан байна. Энэ жилийн хөтөлбөрийн шинэчлэл болон давуу тал нь өргөдөл авах дүрэмдээ өөрчлөлт оруулснаар зөвхөн гэрээгээр хамтарч ажилладаг цөөн тооны сургуулиас бус нийслэлийн бүх сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулдаг болсон аж.
Дашрамд мэдээлэхэд, Денвер хот Улаанбаатар хоттой анх 2001 онд албан ёсоор эгч дүүсийн харилцаа тогтоосноос хойш соёл урлаг, бизнес боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг тууштай дэмжиж ирсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.