“Монгол-Хятадын экспо” ирэх есдүгээр сард болно

2019-06-14 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган удирдан чиглүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2019 оны 225 дугаар тогтоолоор батлуулж, анхдугаар хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр удирдан зохион байгууллаа.

Ажлын хэсгийн дарга Ч.Улаан арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх ерөнхий ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцуулж,зохион байгуулахдаа “нэг цонхны бодлого”-баримтлан, дэд ажлын хэсгүүд-хариуцаж байгаа газруудтай хамтран ажиллаж, Ерөнхий ажлын хэсэгт тогтмол ажлаа тайлагнаж, мэдээлэл хүргүүлж байхыг анхаарах, бэлтгэл ажил зуны улиралд явагддаг тул амралтаа авч байгаа албан хаагчдыг орлох хүнийг тодорхойлж нягт уялдаа холбоог хангаж ажиллах талаар үүргийг өглөө.

Дээрх арга хэмжээ нь “Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын солилцоо” гэсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.