Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд 43 мянган хүүхэд есдүгээр анги, 18 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Нийтдээ 80 гаруй их, дээд сургууль элсэлт авах байх. Энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа зарим мэдээлэлд тайлбар хийх гэсэн юм. Багш нар сургууль болон анги засварын мөнгө хүүхдүүдээс хураасантай холбоотойгоор олон багш хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АТГ-т 42 багш шалгагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. Ийм зүйл байхгүй. Эцэг эхчүүдээс мөнгө төгрөг хурааж байна гэсэн гомдол АТГ-т ирдэг. Үүнийг нь судалж үзээд харьяа аймаг, дүүрэг рүү нь шилжүүлж анхаарлаа хандуулахыг санал болгодог юм байна. Түүнээс биш багш нартай холбоотой хэрэг үүсгэсэн асуудал алга.
Харин эцэг, эхчүүдийн дэмжлэгтэйгээр анги засварын мөнгө хураадаг. Хэдэн төгрөг хураадгийг нь судалж үзсэн. Нэг хүүхдээс 5-15 мянган төгрөг авдаг юм байна” гэлээ.