МАН: Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзнэ

2019-06-3 Нам хөдөлгөөний амьдрал
Сонгуулийн хууль: Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Эхэнд Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзжээ.

Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан түүний оронд хэнийг ажиллуулах талаар хэлэлцэж  санал нэгдсэн байна. Тодруулбал, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгаланг томилуулах саналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар гаргаж, бүлгийн гишүүд жинхэнэ мэргэжлийн хүн гэж санал нэгтэйгээр дэмжжээ.

Хамгийн сүүлд бүлэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар  боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл сонсчээ. УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж буй юм. Тэрээр бүлгийн гишүүддээ мэдээлэл өгсөн байна.

2015 онд бүх сонгуулийг нэг хуулиар хийсэн. Одоо оруулах өөрчлөлтөөр бүгдийг нь салгах аж. Тодруулбал, Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн байна. Өнгөрсөн хугацаанд УИХ долоон удаа Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дөрөв нь жижиг можаратор, гурав нь томсгосон можаратор /олон мандаттай/ тогтолцоогоор сонгуулиа явуулжээ. Цаашид сонгуулийн ямар тогтолцоогоор явуулах вэ гэдэгт ажлын хэсэг нэлээд ярилцсан байна. Ингээд тогтвортой хөгжил Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байна, улс төрийн нам гэхээсээ илүүтэй нэр хүндтэй, тулхтай хүнээр ард түмэн төр төлүүлэх сонирхолтой байна. Эрх барьж байгаа намууд өөрсдөдөө ашигтай байдлаар хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Дөрвөн хувилбар гаргаж ярилцаж, Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбарыг сонгожээ. Жижиг тойрог дов жалгын сэтгэлгээг бий болгож байна, бид тогтвортой хөгжье гэвэл 76 гишүүн нэг тойрог гэсэн тогтолцоог хэрэгжүүлье гэж ажлын хэсэг саналаа эцэслэсэн байна. Удахгүй Засгийн газраас санал авах аж.

Хуулийг төслийг боловсруулах явцдаа улс төрийн намуудтай хоёр удаа уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Гурван хуулийн төслийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст тавьж, иргэд, олон нийтээс нээлттэй санал авахад 234 санал ирсэн байна.

Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах аж. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна.

Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.