Ч.Улаан: Сайд, дарга нарын хамаарал бүхий компанид зээл олгохыг шинэ журмаар хориглосон

2019-05-30 Мэдээ, мэдээлэл

Ч.Улаан: Сайд, дарга нарын хамаарал бүхий компанид зээл олгохыг шинэ журмаар хориглосон

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шинэчлэн баталжээ. Шинэчлэн баталсан журмынхаа дагуу энэ сарын 27-ноос зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Ирэх зургадугаар 10-ныг хүртэл хүлээн авах бөгөөд одоогийн байдлаар 27 иргэн, аж ахуйн нэгж саналаа ирүүлжээ. Зээл олгох шинэ журмын онцлог нь нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэсэн явдал гэдгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг хэлж байлаа. Тухайлбал, төсөл сонгон шалгаруулахдаа төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж байгаа ажээ. Шийдвэр гаргах долоон хүний дөрөв нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх юм байна. Мөн төслөө өгсөн иргэн, аж ахуйн нэгж төсөл нь сонгон шалгаруулалтын хаана явж байгааг гар утсаараа хянах боломжтой болжээ. Төслөө өгсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд тусгай код өгөх юм байна. Тус кодоороо гар утаснаасаа төслөө аль шатанд хянагдаж байгаа болон тэнцсэн, тэнцээгүй эсэхийг хянах ажээ.

Шинэ журмын хамгийн том өөрчлөлт нь зээл олгох иргэн, аж ахуйн нэгжүүдийг тодорхой заасан явдал гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Тэрээр “Эрх мэдэлтнүүд албан тушаал болоод өөрийнхөө нөлөөгөөр зээл авдаг байдлын хаасан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүн, сайд, агентлагийн нар, орон нутгийн удирдлагууд гээд нэр заагаад тэд болон тэдний гэр бүлийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгохгүй гэсэн заалт оруулсан. Мөн зээл олгох шийдвэрийг нэг хүн гаргадаг байсныг болиулсан. Өөрөөр хэлбэл, олон талаас нь хэлэлцээд хамтын шийдвэр гаргадаг болж байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.