МАН-ын намын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдав. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох гэсэн ганц асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилох санал бүлэгт ирүүлжээ. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлээ бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа юм байна.
АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга тусгажээ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэн дэвжив.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:
Мэргэжил: Эрх зүйч, хууль зүйн ухааны магистр
Боловсрол:
- 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
- МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
- 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
- 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
- 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
- Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:
Боловсрол:
- Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
- Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
- Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
- 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.