МАН-ын Хангайн бүсийн “Намын ажилтны улсын зөвлөгөөн” Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд Хангайн бүсийн дөрвөн аймгийн 300 орчим намын ажилтан, идэвхтэн дэмжигчид оролцож, олон чухал сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Зөвлөгөөнийг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-аас бүсчилсэн зөвлөгөөн хийх шийдвэр гаргаад дөрөв дэх зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Үүнээс өмнө 16 аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, шат шатны сонгуульд ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар судалж, үнэлэлт дүгнэлт өгч явсан. Тэгж явахад намын ажилчид “Сонгуульд ялалт байгуулахад туслалцаа үзүүлээч ээ” гээд гуйгаад явж байсан хүн дарга болсныхоо дараа “Өнөөдөр уулзах зав байхгүй. Дараа цаг авч байж уулз” гээд сууж байна” гэх шүүмжлэлийг намын гишүүд, идэвхтэн дэмжигчид их хэллээ. Тиймээс бид жижиг гэлтгүй анхаарч олон нийтийн итгэсэн итгэлийг үүрч гарах хариуцлагатай, ёс зүйтэй байх олон асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарсан байна. Хамгийн чухал нь хариуцлага, ёсзүй. Тиймдээ ч өнөөдрийн зөвлөгөөний уриаг “Эв нэгдэл, хариуцлага, ялалт” хэмээн тодорхойлсон. Намын анхан шатанд зүтгэдэг, ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, сонгуулийн үед гардан тулаанд ордог та нарынхаа санаа бодол, бодлогыг дагаж шийдвэрээ гаргаж явдаг улс төрийн хүчин. Тиймээс та бүхэн намын үйл ажиллагаатай холбоотой санаа бодлоо чөлөөтэй хэлж, идэвхтэй оролцоорой” гэв.
Хангайн бүсийн зөвлөгөөнд оролцож буй намын гишүүд, идэвхтэн дэмжигчдийн зүгээс намын удирдлагуудад хандан “Намын залуу боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт семинарыг зохион байгуулах, намын үүрүүдийг санхүүжүүлэх боломж бололцоо байгаа эсэх” талаар тодруулж байлаа.
Намын ажилтан, идэвхтэн дэмжигчдийн санал, шүүмжлэлийг намын удирдлагууд хүлээн авч буйгаа илэрхийлээд боловсон хүчнийг чадавхжуулах, сургах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа талаар дуулгалаа. Тухайлбал, МАН-ын залуу боловсон хүчнийг сургах, бэлтгэх чиглэлээр дотоодын их, дээд сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа бөгөөд энэ хүрээнд жилдээ 200 гаруй залуусыг бакалаврт сургах зорилттой ажиллаж байгаа гэх мэт олон ажлыг төлөвлөөд байгаагаа хэлсэн.
Зөвлөгөөний төгсгөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Аймгийн намын хороодын дарга нартай хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулж, “Хэрэв ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах эрх байгаа шүү” гэдгийг санууллаа.
Зөвлөгөөнд оролцсон хангайн бүсийн намын ажилтан, идэвхтнүүд эв нэгдлийг бэхжүүлж, хариуцлагаа өндөржүүлэхийн төлөө “Эв нэгдэл, Хариуцлага, ялалт” уриан дор нэгдсэн уриалга гаргахыг санал нэгтэй дэмжсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30437
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.