Хүүхдийн шүдийг нэг удаа төрөөс бүрэн эмчилнэ
Бидний гадаад гоо сайхнаас эхлээд хоол боловсруулах эрхтэн, ходоод гэдэс, зүрх бөөр, хоолой гээд бүхий л эрхтэний эрүүл байх үндэс нь шүд. Манай улс шүдний өвчлөлөөрөө дэлхийд толгой цохих болсон нь судалгаагаар тогтоогджээ.
Хүүхдүүдийн дунд шүд цоорлын судалгааг явуулахад аймаг, дүүргээсээ хамааран 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн дүн гарчээ. Нэг хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай гэсэн үг. Улмаар өвчтэй шүд 200 гаруй өвчний суурь шалтгаан болдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Мөн тэрбээр шүдийг эмчлүүлэхгүйгээр удаан явбал чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс засалд хүргэдэг болохыг ч онцлон дурьдсан. Иймээс Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 225 дугаар тогтоолооор “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2-12 настай хүүхдийн шүдийн нэг удаа төрөөс үнэ төлбөргүй эмчлэх, шүдээ хэрхэн арчлах, цоорох гэмтэхээс хэрхэн сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа өгөхөд чиглэж байгаа юм.
Төлбөрөөс үл хамаарч хүүхэд нэг л удаа эмчлүүлнэ
Хөтөлбөрийн хүрээнд энэ онд 2-6 настай хүүхдүүдийн шүдийг үзлэгт хамруулж, урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөө өгөхөөс гадна, өвчилсөн шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ. Гэхдээ бас үнэгүй гэсэн үг биш. Төрөөс төлбөрийг нэг удаа 100 хувь дааж байгаа гэсэн үг. Гол нь тухайн хүүхэд хөтөлбөрт нэг л удаа хамрагдах боломжтой.
Энэ жил сүүн шүдтэй хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ. Сайны хажуугаар саар гэгчээр нэгэнт унах сүүн шүдийг эмчилж, хөрөнгө зарлагадах хэрэг байна уу гэх шүүмжлэл өрнөх нь бий.
Уг нь сүүн шүд эцэг эхийн хариуцлага, байнгын шүд өөрийн хариуцлага гэх үг бий. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сүүн шүд эрүүл байх эсэх нь эцэг, эхээс шууд хамааралтай. Гэвч хүүхдээ хооллох энгийн дадлыг сахиж чаддаггүйгээс болж хүүхдийнхээ шүдийг өвчлөх үндэс суурийг тавьдаг байна. Хоолыг нь амандаа хийж хөргөдөг, зажилж өгдөг, халбагыг нь долоочихоод хүүхдээ хооллодог гээд дурьдаад байвал мундахгүй. Мөн энэ насанд чихэр, ундаа ихээр хэрэглэх болсон нь судалгаагаар тогтоогджээ. Хэрэв сүүн шүдийг арчилж, тордож, эрүүл байлгаж чадвал байнгын шүд эрүүл байдгийг эмч нар зөвлөж байна.
60 мянган төгрөгөөс давсан зардлыг хэн төлөх вэ
Өвчилсөн шүдийг эмчилж эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, цаг хугацаа урт учир үүнийг хэрхэн зохицуулсан нь олон хүний анхаарлыг татдаг. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн тооцоо бий.
Харин хөтөлбөрт нэг хүүхдийн эмчилгээг 60 мянган төгрөгөөр тооцсон. Мэдээж та дурын эмнэлэгээрээ үйлчлүүлж, энэ үйлчилгээг авах боломжийг хөтөлбөрөөр нээж өгсөн. “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын шүдний эмнэлгүүд хүрэлцэхгүй тул хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар болж, 161 эмнэлэгтэй гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа.
Тухайн хөтөлбөрт хамрагдсан хувийн эмнэлгүүд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. Өвчлөл ихтэй шүдэнд мэдээж 60 мянган төгрөг хангалтгүй. Гэвч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ хөтөлбөрт хамрагдсан олон хувийн эмнэлэг бий гэнэ.
Гол нь тухайн хүүхдэд өвчлөлтэй, цооролттой шүд хэд байна түүнийг нь бүрэн эмчилнэ. Хэдэн өдрөөр дамнаж, олон төрлийн эмчилгээ хийлгэсэн ч болно. Мэдээж хөтөлбөрийн хүрээнд эцэг, эхээс сохор зоос ч авахгүй. Харин төрөөс гэрээ байгуулсан ёсоор 60 мянган төгрөгөө л авна. Гэхдээ тухайн хүүхэд нэг л удаа хөтөлбөрт хамрагдана. Өөрөөр хэлбэл, дараа жил эрүүл байсан шүд нь өвчиллөө гэхэд дахин энэ хөтөлбөрт хамрагдаж, үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэхгүй гэсэн үг.
Тэгвэл 7-12 насныхан хэзээ үзүүлэх вэ
Хөтөлбөрт 2-12 насны 725 хүүхэд хамрагдах учиртай. Энэ онд эхний ээлжинд 2-6 насны хүүхдүүдийг хамруулахаар тусгасан. Цаашид шат дараатайгаар хүүхдүүдийг хамруулахаар болсон байна. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой.
Магадгүй энэ онд 12 настай байгаа хүүхэд ирэх жил 13 нас хүрч, хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно гэхчлэн олон асуудал бий. Энэ бүхнийг зохицуулахаар эрүүл мэндийн салбарынхан ч ажиллаж байгаа гэнэ.
Гол нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгааг иргэн танд сануулья.
Ядуу болон эмзэг бүлгийнхний шүдний өвчлөл өндөр байна
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 3-5 настай хүүхдийн шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлтээр “маш өндөр” түвшинд хүрсэн хэмээн гарчээ. Өөрөөр хэлбэл, мөн аюултай, өвчлөл өндөр байгаа гэсэн үг. Ер нь ганц манай улсад гэлтгүй дэлхийн дахинд эмзэг болон бага орлоготой иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьцангуй бага авдаг гэсэн судалгаа бий. Товчхондоо, аль ч улсад ийм хүмүүс эмнэлгийн байгууллагыг тэр бүр зорьдоггүй аж.
Иймээс хөтөлбөрийг эмзэг болон бага орлоготой иргэдэд чиглэсэн байдлаар хийхээр төлөвлөж байсан ч айлын хүүхдүүдийг алагчлахгүй байхаар шийдвэрлэсэн нь энэ. Гэхдээ өнөөх зорилтот бүлгийг заавал хамруулах зорилго тавин ажиллаж байгаагаа эрүүл мэндийн яамны удирдлагууд онцолж байсан. Дундаж болон чинээлэг давхаргын хүмүүс сайн дураараа эрүүл мэндийн байгууллагыг зорьж, шаардлагатай эмчилгээгээ авдаг. Хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, сурталчилгааг цахим орчин, телевиз, радио гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллэх тул иргэд хамрагдах боломж өндөр. Мэдээлэл авсан иргэд хэдийнэ хамрагдаад эхэлсэн гэж хэлж болно.
Харин уулын мухарт суугаа Дулмаа эгчид хэрхэн мэдээлэл хүргэж, хүүхдийнх нь шүдийг эмчлэх вэ. Энэ үүднээс тухайн хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч нартай хамтран тэднийг үзлэг оношилгоонд хамруулж, өвчтэй шүдийг эмчлэхээр төлөвлөжээ.
Сумын хүүхдүүдэд хөтөлбөр хамааралтай юу
Мэдээж хамаатай. Улсын хэмжээнд 1195 шүдний эмч байдаг бөгөөд 817 нь хувийн эмнэлэгт ажилладаг бол 40 нь суманд ажилладаг аж. Энэ хэрээр орон нутгийн хүүхэд шүдний эмнэлэгт хандах боломж хумигддаг.
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр Монгол Улс даяар хэрэгжинэ. Иймээс алслагдсан сумын хүүхдүүдийг ч мөн хамруулна. Энэ хүрээнд нийслэлд байгаа хувийн эмнэлгийн чадамж, байршил болон орон нутгийн хүүхдийн тоо зэргээс шалтгаалан зохион байгуулалт хийхээр төлөвлөжээ. Мөн гэрээт хувийн эмнэлгүүдээс сайн дураараа сумд ажиллах сонирхолоо илэрхийлсэн нь ч бий гэнэ. Түүнчлэн аймгийн эмнэлгүүдтэй хамтарч, явуулын шүдний амбультори ажиллах талаар ч хөтөлбөрт тусгагджээ.
Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилт тавьжээ.
Монгол Улсад өмнө нь амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр хоёр ч удаа батлагдан, хэрэгжиж байсан. Тухайн үед хувийн эмнэлгүүд, төрийн байгууллагын хооронд санхүүгийн асуудал үүсч, хөтөлбөр төдийлөн үр дүнд хүрээгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс өмнөх алдааг давтахгүй байх хатуухан үүргийг эрүүл мэндийн салбарын өнөөгийн удирдлагууд хүлээж байгаа гэсэн үг.
Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлж дуусахаар баталсан. Энэ онд 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн нийт хугацаанд 50 тэрбум төгрөг зарцуулна гэх төлөвлөгөө боловсруулжээ. Санхүүжилтийг улсын төсөв болон гадаадын зээл тусламж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад эх үүсвэрээр хангах юм.
Аюулын харанга дэлдсэн шүдний өвчлөлийг бууруулахаас гадна эцэг, эхчүүдэд зөв дадлыг бий болгож, урьдчилан сэргийлэх нь хөтөлбөрийн гол зорилго.
Эрүүл мэндийн статистик мэдээллээр 1049 шүдний эмч улсын хэмжээнд ажиллаж байгаагаас 77 хувь нь буюу 817 нь хувийн эмнэлэгт ажиллаж байна. Цаашид өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төрөлжсөн тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангах. Мөн шүдний эмч нарын орон тоог шинээр бий болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2-16 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн даатгалын хүрээнд төлбөргүй болон хөнгөлөлттэй ижил үнээр үйлчлүүлэх боломжийг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалтттай арга хэмжээ авч ажиллах талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолж байсан.
Шүдээ угаасан ч өвчилж байна уу
Хүн өдөрт шүдээ хамгийн багадаа 2 удаа тогтмол угааж байх ёстой. Өглөө, оройдоо. Уг нь хоол идсэний дараа шүдээ угааж хэвших нь шүд эрүүл байх нэг үндэс болдог. Угаадаггүй юмаа гэхэд усаар цайлж хэвшихийг шүдний эмч нар зөвлөдөг. Мөн буруу хоололт.
Ургуулж байгаа тасалгааны цэцгээ усаар усалдаг атлаа хүүхдээ хийжүүлсэн ундаагаар “цайлдаг” гэж зуршил бидэнд бий. Бид хүүхдүүдийнхээ шүдний эмчилгээний зардлыг үргэлж төрөөр даалгаад байх боломжгүй. Иймээс ганц удаагийн энэ боломжийг ашиглаж, эрүүлжүүлж аваад амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн яаж сахих вэ, хүүхдийнхээ шүдийг өвчлүүлэхгүйгээр буюу яаж бүтэн шүдтэй байлгах вэ гэдэг мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх нь чухал юм.
Шүдээ арчлах энгийн арга
-Хийжүүлсэн ундаа уухдаа байнга соруул хэрэглэж, шүдэндээ хүргэхгүй байвал шүдний паалан гэмтэхгүй
-Гурилан бүтээгдэхүүн, амттан идсэний дараа заавал араас нь ус эсвэл шингэн зүйл ууж байх
-Хүүхдээ аль болох аягыг нь долоолгох эсвэл хэлийг хамрын үзүүрт хүргэх дасгалыг хийлгэж байвал тультраа эсвэл шүд муутай болохгүй
-Хоол идэхдээ хоёр талаараа ээлжилж зажилж байвал шүд эрүүл байна
-Хүүхдээ нэг нас хүрэхэд нь шүдний эмчид хандан зөвлөгөө авч, зургаан сар тутамд үзүүлж занших хэрэгтэй
-Хүний биед өдөрт 1000 мг кальци шаардлагатай байдаг бол жирэмсэн эхийн биед 1500 мг кальци хэрэгтэй байдаг. Ингэхдээ D3+Magni орсон кальцийг хэрэглэх илүү үр дүнтэй.
-Хүүхдийнхээ амыг содтой усаар өдөрт гурван удаа зайлж заншвал шүд гэмтэх болон амны хөндийн өвчлөл үүсэхгүй
-Шүдний дотор талаа байнга угааж заншаагүйгээс шүдний чулуу үүсдэг
Цаашлаад амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдээ эрүүл байлгах дадал зуршлыг эцэг эхчүүд нь хүүхдүүддээ суулгаж өгөх нь чухал юм. М өн сургууль, цэцэрлэг хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдээ тогтмол угаах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь туйлын чухал.
Тиймээс бид амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж, дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал үргэлж инээмсэглэж явах боломж бүрдэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.