“Оскар”-ын шагналт жүжигчин Бри Ларсоны “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 27 настай жүжигчин бүсгүй энэ жил “Өрөө” киноны гол дүрээр Шилдэг эмэгтэй гол дүрийн “Оскар” гардсан билээ.
-Хатагтай Ларсон, таны “насанд хүрсэн” түүхийг сөхвөл?
-Хүн байнга өөрчлөгдөж байдаг л даа. Бид нэгэн гэр бүлд төрж, хүмүүждэг. Бас бидний амьдарч байгаа газар, нийгмийн байдлаас их хамаарна. Надад өөрийгөө нэлээд хаалттай байлгадаг байсан үе бий. Янз бүр л байсан даа. Хамгийн гол нь би өөрийнхөө дотоод эрх чөлөөний тусламжтайгаар “том болж” карьер хөөсөн юм уу даа.
-Жүжигчний ажил хүнийг эмзэг болгодог юм шиг?
-Энэ том ертөнц дээр үй түмэн хүний дунд байхад хүн өөрийгөө янз бүрээр мэдэрнэ. Та хүн л юм чинь эрх чөлөөг мэдэрнэ, бусдыг ойлгож уучилна. Насанд хүрсэн хүн байна гэдэг ямар хэцүү гээч. Гэхдээ аливаа зүйлийг байнга хянаж, өөрийнхөөрөө байлгах гэж байхын оронд байгаа чигээр нь ойлгож, мэдрэх хэрэгтэй. Нэгэн агуу хүний хэлсэн “Та юу мэдэрч байна, тэр нь таны амьдрал” гэсэн мэргэн үг бий.
-Жүжиглэж байхад өөрийгөө хянах шаардлага байдаггүй байх?
-Бүх зүйлээ хянаад байх нь маш ховор. Мэдээж би хувь хүнээ, зан аашаа сайн мэдэж байхыг хүсдэг. Гэвч өдрийн турш болж байгаа олон хүчин зүйл нөлөөлдөг. Цаг агаарын өөрчлөлт, зураг авалтын байдал гээд л. Гэхдээ камер аслаа л бол жүжигчин хүн дүрдээ амьдрах хэрэгтэй. Заримдаа надад төөрөлдөх үе байдаг. Бүгдийг орхиод гэртээ, аав, ээж дээрээ очих юмсан гэж боддог. Тэд надад хоол бэлтгэж өгөөд, би сургуульдаа яваад л…ийм байвал амьдрал хялбар байхсан. Олон янзын дүрд хувирч, дүрдээ амьдарна гэдэг амаргүй ачаа байдаг. Гэхдээ бидний амьдралын л нэг хэсэг юм даа.
-Гэхдээ тэр бүх дүрүүдэд тохиолдож байгаа явдал бодит байдалд гарч ирдэггүй…
-Эндээс бидэнд авах юм ч бий. Заримдаа их гүн мэдрэмж авах үе байдаг. Зовлон гуниг, хагацлын мэдрэмж хамгийн гүн нь. Хүүхэд байхдаа бид ямар гэгээлэг, сайхан байв аа, тийм ээ. Гэхдээ том болоод аз жаргалгүй болчихсон гэсэн үг биш л дээ. Мэдээж аз жаргалыг илүү ихээр мэдрэх үе байдаг шүү дээ. Гол нь хүн байна гэдэг бол их чухал. Биднийг өглөө босоход олон тааварлашгүй зүйл хүлээж байдаг. Тэр нь ямар байлаа ч гэсэн бүх амьд биетэн үүнийг мэдрэх азтай.
-Үүнийг ойлгож мэдрэх гэж хэр хугацааг зарцуулав?
-Мэдэхгүй байна. Би зүгээр л аливаа зүйлийг өөрөөр харж чаддаг, амьдралд хайхрамжгүй ханддаггүй хүн гэж өөрийгөө боддог. Азаар би намайг маш сайн ойлгодог, бас их ухаалаг ээжтэй. Тийм болоод ч тэр үү 15 насандаа л би хүссэн бүх зүйлээ сурч мэдэхийг чармайсан, их хэрсүү охин болсон байсан. Би философид гүн орж, урлагийн түүх судалдаг байв. Олон ч зүйлийг ойлгосон байлаа.
-Энэ бүгд танд замаа олоход тус болсон байх нь ээ?
-Хоёр жилийн өмнө би ээжийгээ хараад бүх амьдрал минь тэр хүн л байсан байна гэж бодсон. Би олон янзын хүмүүстэй харилцаж суран, дэлхий ертөнцийг, амьдралыг өөр өнцгөөс харах ёстой байсан. Миний амьдралыг мэдрэх туршлага бусад хүмүүсийнхээс өөр байлаа. Иймдээ ч юмыг байгаагаар нь хүлээж авч, түүнээсээ аз жаргал мэдэрдэг байх. Кино бүтээж байхад төрж байсан сэтгэгдэл киногоо үзсэний дараа өөрчлөгдөх үе ч байдаг.
-Яагаад?
-Яагаад гэвэл кино олонд зориулагдсан зүйл. Олон хүн үзнэ, шүүнэ, хэлэлцэнэ. Заримдаа ярьж хэлэхэд хэцүү зовлонг киногоор дамжуулан ойлгож, нэгэнтэйгээ хуваалцах нь бий. Та өрөөнд түгжигдсэн, олзлогдсон эмэгтэй хүний тухай баримтат кино хийлээ гэж бодъё. Энэ бүгдийг харах, ойлгоход амаргүй. Зөвхөн тэр хүний л туулж байгаа амьдрал болохоор тэр. Харин та үүнийг уран сайхны кинонд харуулвал бүрэн төгс илэрхийлэл болж чадна. Та үүнээс ямар нэг зүйлийг мэдэрнэ. Гэхдээ амьдралдаа үүнийгээ хадгалаад зовоод байх хэрэггүй. Миний ажил бол энэ. Хүмүүс театрт очоод тайван суугаад байхгүй гэж найдаж байна?
-Таны ажил төгс байх нь чухал уу?
-Урлаг хамгийн сайхан байхдаа төгс. Гэхдээ хүн өөрчлөгдөж, нас нэмсэн хойноо эргээд харахад тэр зүйл огт өөрөөр тусах нь бий. Гэхдээ би өөрчлөгдөх дуртай биш. Одоогийн байгаагаас огт өөр би гараад ирвэл надад таалагдахгүй. Бусдаас өөр байх нь намайг зовоодог. Би зүгээр л бусад хүмүүс олон янзын цаг үеийг туулахдаа хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг хармаар байна.
-Үүнийгээ бусад хүмүүстэй хуваалцана биз дээ?
-Тийм ээ. Би нас нэмэх тусмаа өөрийн дотор байгаа зүйлээ бусадтай ярьж, ойлгож сураад байгаа. Дотоод эрх чөлөөгөө алдахаас айдаг. Өөрийнхөөрөө байж чадах эрх чөлөө олгоно гэдэг бол таны бусдад өгч чадах хамгийн том бэлгүүдийн нэг. Миний ажил бусдад үүнийг өгдөг гэж итгэж байна.
О.САША
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.