Уул уурхайн 184 компанийн жинхэнэ эзэд ил болжээ

2019-01-8 Байгаль орчин

Уул уурхайн 184 компанийн жинхэнэ эзэд ил болжээ

Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар 2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эзэд буюу бенефициар эздийнхээ мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн. Энэхүү стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлыг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд төр, компани, иргэний нийгэм гэсэн гурван талын төлөөлөлтэй Үндэсний зөвлөлөөс ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг ил тод болгох Замын зургийг боловсруулан баталсан байна. Замын зургийн хэрэгжилтийн өнөөгийн явцыг танилцуулах, цаашдын чиглэл, ажлуудад санал солилцох уулзалтыг ОҮИТБС-ын Ажлын албанаас зохион байгуулжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Замын зургийн 7 зорилтын хүрээнд 32 үйл ажиллагааг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа юм байна. Олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа учир нэн түрүүнд үндэсний бодлоготой уялдуулах зорилтоор Нээлттэй засгийн түншлэлийн хөтөлбөрт уг асуудлыг тусгажээ. Улмаар нэр томьёоллыг “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн нэршлээр тогтох, уул уурхайн компаниудын 5 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ил болгохоор талууд санал нэгдсэн аж.

Монголын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайланд 230 компаниас 184 нь ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллээ ирүүлжээ. Өмнөх жилийн нэгдсэн тайланд 213 компани мэдээллээ ирүүлснээс  47 нь ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон юм байна.

2013 онд анх туршилтаар компаниудын сайн дураар энэ мэдээллийг тайланд нэгтгэж эхэлсэн бөгөөд “хувьцаа эзэмшигч”, “ашиг хүртэгч жинхэнэ эзэн” гэсэн ялгаатай ойлголтыг мэдэхгүйгээ дутагдал анзаарагдсан гэнэ. Тиймээс 2014 онд ашиг хүртэгч  жинхэнэ эзнийг тодорхойлох маягтын дагуу мэдээллийг авчээ. Маягтыг шинэчлэн компанийн ашиг хүртэгч жинхэнэ эзнийг мэдээлэх, хэрэв хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол биржид бүрдүүлсэн мэдээллээ ирүүлэх гэсэн хоёр чиглэлээр 2017 оны тайланд бенефициар эздийн мэдээллийг нэгтгэсэн байна.

Зөвлөлдөх уулзалтад “Оюутолгой”, “Спейшл майнз”, “Эрдэнэ жаст”, “Смарт ойл Монголиа”, “Гурвансайхан”  компани, Татварын Ерөнхий газар, “Ил тод байдал сан” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, МҮХАҮТ, МУУҮА, ЕСБХБ, Монгол дахь АНУ-ын худалдааны тэнхим зэрэг байгууллагуудын төлөөлөгч нар оролцжээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.