“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өөрийн амьдардаг байрны 11 дүгээр давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас эцэслэн шийдээгүй байхад цахим орчинд янз бүрийн мэдээлэл тархаад байгаа юм. Энэ талаар өнөөдөр тус нэвтрүүлгийн багийнхан хэвлэлийн бага хурал хийв.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн продюсер Ч.Мядагмаа “Нэвтрүүлгийн төслийг 2016 онд албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, эхний дугаар амжилттай дууссан. Өнгөрсөн онд хоёрдахь дугаар эхлээд, одоо үргэлжилж байгаа. Нэвтрүүлгийн дундуур оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид талийгаачийн 49 хоног хурааж дууссаны дараа, албан ёсны мэдэгдэл хийхээр төлөвлөсөн ч, цахим орчинд ташаа мэдээлэл тарж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад албан ёсны тайлбар хийхэд хүргэлээ. Хэсэг хугацаанд бид нэвтрүүлгээ зогсоосон. Цааш үргэлжлүүлэн цацах эсэхээ талийгаачийн гэр бүлтэй зөвлөлдөхөд, талийгаачийн ээж охиныхоо тэмдэглэлийн дэвтэрт “Миний мөрөөдөл бол next top model болох” гэж бичсэнийг үзүүлж, охиныхоо дүрсийг хасалгүй, нэвтрүүлгийг гаргахыг хүссэн юм” гэв.
“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн, “Нэвтрүүлгийн оролцогчид гэр бүл, интернэт орчноос хол нэг байранд хоёр сарын турш хамт амьдарсан. Цахим орчинд гарсан шиг нэгнийхээ аминд хүртлээ бие биенээ үзэн ядсан зүйл байгаагүйг албан ёсоор мэдэгдье. “Боловсрол” телевизээс хуулийн байгууллагын ажилд саад болсон зүйлгүй” хэмээн мэдэгдэв.
Нэвтрүүлгийн шүүгч, хөтлөгч Д.Нора “ Энэхүү таагүй хэрэг гарах үед миний бие Хятад улсад ажлаар явж байсан учраас гэрт нь очиж эмгэнэл илэрхийлж чадаагүй. Харин манай телевизийн багийн төлөөлөл очиж эмгэнэл илэрхийлсэн. Биднийг ар гэрийнхэнтэй нь уулзаагүй гэдэг ташаа мэдээлэл цахим орчинд гарсан. Мөн нэвтрүүлгийн оролцогч Одонтунгалаг руу дайрсан мэдээлэл гарч байна. Түүний хувьд талийгаачтай ямар нэгэн өш хонзон байгаагүй. Загварын ертөнцөд бие биенээ захиалгаар хөнөөдөг бусармаг зүйл байхгүй. Энэ асуудлаас болж Одонтунгалаг гэрээсээ ч гарахгүй байгаа. Түүнчлэн шүүгч нарыг оролцогчдоо зарж, зуучилдаг байсан гэх мэдээлэл гарсанд маш их харамсаж байна. Цахим орчин дахь энэ бүх ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг та бүхнээс хүсэж байна” гэв.
Мэдээллийн төгсгөлд, нэвтрүүлгийн сурталчилгааны бичлэгт Ч.Чамин-Эрдэнэ агсны уйлж байгаа хэсгийг нэвтрүүлгээс хассан талаар продюсер Ч.Мядагмаа тайлбарлахдаа, “Нэвтрүүлгийн оролцогч дараагийн шатанд хасагдаж байгаадаа харамсан уйлж байгаа дүрс нь ойр дотны хүмүүсийнх нь сэтгэлд хүндээр тусах болов уу гэдэг үүднээс хассан” гэв.
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.