Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо. Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан байна.
Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр тэргүүн байрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, дэд байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, гутгаар байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарлаа.
“Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм.
Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог. “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ.
Дээрх зөвлөгөөний үеэр “Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцолжээ. Мөн хүний хөгжлийн бодлогод анхаарч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээллээр хангах нь ирэх оны зорилт гэдгийг танилцуулсан юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.