Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албанд залуусыг сонгон шалгаруулан авч эхлээд даруй 10 гаруй жил болжээ. Гэрээтийн албанаас ирээдүйд Хил хамгаалах байгууллагыг залах олон арван хилчин төрөн гарсан байдаг. Тиймээс тус албаны үр дүнгийн талаар ХХЕГ-ын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн офицер, хурандаа Ц.Эрдэнээс тодрууллаа.
-2007 оноос хойш хичнээн залуусыг гэрээт хилчний албанд сонгон шалгаруулж аваад байна вэ?
-Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 11 дүгээр тогтоол “Цэргийн гэрээт албыг хаах журам”-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах журам”-ын дагуу гэрээт хилчний албыг зохион байгуулж байна. Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн хугацаат цэргийн алба хаагч, иргэдийг цэргийн гэрээт алба хаагчаар сайн дурын үндсэн дээр журмын дагуу бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, сэтгэл зүйн байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, сургалтад хамруулж байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 2007-2018 онд гэрээт хилчний албанд нийт 3500 гаруй хугацаат цэргийн албан хаагч болон иргэдийг сонгон шалгаруулалтад хамруулснаас 3300 гаруй нь гэрээт хилчнээр алба хаагаад байна.
-Гэрээт хилчний алба олон сайхан боломжийг олгодог шүү дээ. Тэгвэл ахлагчийн болон офицерийн албан тушаалд хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Хил хамгаалах байгууллагад ахлагчийн бүрэлдэхүүнд орох хүсэлт гаргасан 553 гэрээт хилчдийг ахлагчийн албан тушаалд томилон хилийн отряд, заставт харуулын дарга, жолооч, хөгжимчин зэрэг мэргэжлээр ажиллуулж байна. ХСИС-ийн Хилийн сургууль, ОХУ-ын Курган, Калининград хотын Хилийн дээд сургуульд 70 гаруй гэрээт хилчин суралцаж Хил хамгаалах байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.
-Гэрээтийн албанд элсэх хүсэлтэй залуусыг хэзээ, хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Гэрээт хилчнээр алба хаах хүсэл сонирхолтой залуусыг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ХХЕГ-ын байранд бүртгэнэ. Тиймээс хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан 29 хүртлэх насны залууст гэрээтийн албаны үүд хаалга нээлттэй. Мөн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссоор орж тэнцсэн байх шаардлагатай.
-Гэрээт хилчний албыг Хил хамгаалах байгууллагад нэвтрүүлснээр ямар ахиц өөрчлөлт гарч байна?
-Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний албыг зохион байгуулснаар гэрээт хилчдийн албандаа хандах хандлага сайжирч, албаны үйл ажиллагаа тогтмолжиж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.