Усны ай савтай холбоотой 8000 гаруй гомдол иржээ

2018-12-5 Парламент

Байнгын хороо


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөөдрийн хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын мэдээлийг сонсов.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг гурван үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн УИХ-ын 2014 оны 43, 2016 оны 09 болон 45 дугаар тогтоолоор байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ. Гэвч эдгээр тогтоол хэрэгжихгүй байгаа талаар манай байнгын хороонд иргэдээс найман мянга гаруй гомдол, санал хүсэлт ирсэн. Тиймээс улсын тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай байгаа” гэдгийг онцлон хэлсэн юм.

Харин салбарын сайд Н.Цэрэнбат, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт “усны нөөц, гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авна” хэмээн заасан. Мөн “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хургэх”, “байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөцийн 50-aac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж заасан. Одоогоор Монгол Улсын бүх гол, мөрний урсац бүрдэх эх газарт нийт 144 мянга 157.6 километр квадрат талбай бий. Үүнээс 64.4 мянга буюу 44.7 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна” хэмээв.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүн Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх нэрийдлээр их хэмжээний газар олголт хийж байгааг шүүмжлэв. Мөн Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, барилга барьсан асуудлуудыг шийдвэрлэх талаар Өргөдлийн байнгын хорооноос холбогдох албаныханд хүргүүлсэн үүрэг, дааглгавры биелэлт ямар шатанд явааг тодрууллаа.

БОАЖЯ-ны ажлын хэсэг энэ оны наймдугаар сард Хөвсгөл аймагт ажиллаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, байгаль орчны нөлөөлөлд судалгаа хийсэн байна. Уг ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа Хөвсгөл аймагт аялал, жуулчлалын стандарт тогтоож, үүсээд байгаа зөрчил дутагдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр тайлбарласан юм. Харин Туул голын тусгай хамгаалалтын бүсэд хууль бусаар барилга барьсан аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж, шалгагдаж байгааг БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар хэллээ.

Мөн Д.Сарангэрэл гишүүн, “Улаанбаатар хотын 97.5 хувийг ундны усаар хангаж байгаа Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга гаргасан ч хэрэгжихгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар НМХГ-ын удирдлагуудад удаа дараа хүргүүлсэн ч тодорхой арга хэмжээ авсангүй. Тиймээс НМХГ-ын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой. Мөн Туул гол дагуух газрыг бүхэлд нь тусгай хамгаалалтад хамруулах талаар хуулийн төсөл боловсруулж, батлуулах хэрэгтэй” хэмээв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.