“Бидний ихэнх нь урд хөршийн зах зээлийг Эрээн, Бээжингийн эрээн мяраан бараа бүтээгдэхүүн, ганзагын наймаагаар төсөөлсөн хэвээр. Гэтэл Хятад Улс өнөөдөр эдийн засаг, бизнес, худалдааны эргэлтээр дэлхийд тэргүүлж байна. Асар том зах зээл, эрэлт нийлүүлэлтийг эзэмшиж байгаа том тоглогчидтой бид нүүр тулж байгаагаа ойлгож, мэдээлэл, судалгаа, бизнес төлөвлөгөө, алсын хараатай байх ёстой. Албан ёсны харилцагч, бизнесийн зөвлөх, тооцоо судалгаагүйгээр Хятадын зах зээлд харанхуй хөл тавих нь сэлүүргүй завьтай далайд гарахтай адил” хэмээн ярьж суугаа бүсгүйг Ө.Мөнгөнцацрал гэдэг.
Бээжин хотод Хятадын Ардын Их сургуульд Олон улсын худалдааны чиглэлээр бакалавр, Yanshan их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Бээжин дэх албан ёсны төлөөлөгчөөр 2 дахь жилдээ ажиллаж байна. Түүнтэй Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаар болон Хятад-Монголын бизнесийн харилцааны сэдвээр хөөрөлдлөө.
– Бээжин хотод МҮХАҮТ-ын суурин Төлөөлөгчийн газар байгуулагдаад хэр удаж байна вэ? Голлох үйл ажиллагаанаасаа дурдана уу?
– Бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх эрхэм зорилго бүхий МҮХАҮТ нь өдгөө гадаадын 16 оронд 30 төлөөлөгч, 8 оронд 12 өргөмжит төлөөлөгчтэй. Бээжин хотноо үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ миний хувьд Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаад жил гаруй болж байна. Гол чиг үүрэг маань хоёр улсын бизнесийн мэдээллийг шуурхай дамжуулах, бизнесийнхийг холбох гүүр нь болох, Монголын бизнес эрхлэгчид, ялангуяа МҮХАҮТ-ын гишүүн ААН, хувь хүмүүст Хятадын зах зээлд хөлөө олоход нь туслах, зөвлөх чиглэлээр ажилладаг. Мөн хоёр улсын бизнесийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагад мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, хоёр улсын танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой.
– Өөрийн тань төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн өнгөрөгч хугацаанд хийсэн томоохон ажлууд юу вэ?
– 2016 онд ажлаа аваад нэн түрүүнд албан ёсоор БНХАУ-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө хөөцөлдсөн. Манай гол түнш Хятадын Олон улсын Худалдааны хороо нь Худалдааны яамныхаа чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг төрийн байгууллага. Бид хамтарч ажиллахын тулд тус байгууллага болон Бээжин хотын Худалдааны хороо, БНХАУ-ын Аюулгүй байдлын хорооноос зөвшөөрөл авсан. Эдгээр газруудтай Санамж бичиг байгуулж, харилцан мэдээлэл солилцож ажиллаж байна. Мөн 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын үеэр болсон Монгол-Хятадын бизнес форумыг Бээжин дэх Монголын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. Уг форумд Монголоос 300 гаруй бизнес эрхлэгч оролцсон. Улмаар “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зохиогдож байгаа арга хэмжээнүүдэд МҮХАҮТ-аас оролцож буй төлөөлөгчдийн айлчлал, арга хэмжээг зохицуулах гэхчлэн ажилласан байна. Ирэх оноос бизнес эрхлэгчид, гишүүн ААН-үүд рүү чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
– Монголчуудад Хятадад бизнес эрхлэх хэрэгцээ сонирхол маш их бий. Гэвч төдийлөн амжилт олохгүй, хүнс, хувцас оруулж ирэхээс хэтрэхгүй байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?
– Би үүнийг 3 шалтгаанаар дүгнэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Манайхан юмыг хурдан хугацаанд, амар хялбар шийдэх гээд байдаг. Бүтээгдэхүүн импортлох мөн бизнест түншлэн ажиллах байгууллагаа сайтар судалж, асуудлыг албан ёсоор тавихаасаа илүүтэй аль нэг Өвөрмонгол хүнээр зуучлуулаад зохицуулчих гээд байна. Мэдээж сайн муу хүмүүс бүхий л орнуудад байдаг. Тэдэнтэй урт хугацааны түншлэл, хариуцлага ярихад хэцүү.
Хоёрдугаарт, зах зээл, хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг судалдаггүй. Бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах хүсэлтэй байлаа гэж бодоход хорио цээр, гарал үүслийн зөвшөөрлийг яаж авах вэ, онлайн худалдааны ямар боломж байна вэ, хятад хүмүүсийн амтлах мэдрэмж, соёлын онцлог ямар вэ гэх мэт маш их судалгаа хийх шаардлагатай. Бизнес зөвлөх ажиллуулаад тухайн бүтээгдэхүүндээ иж бүрэн үнэлгээ хийлгэх ёстой. Гэтэл хятадуудаар заалгана гэж юу байхав гэх мэтийн хандлагатай болохоор бизнес нь нэг их томордоггүй.
Гуравдугаарт, сэтгэлгээний болон соёлын ялгаа. Нөгөө л хятад хүнийг үл ойшоох уламжлалт хандлага, асуудлыг яг газар дээр нь шийдэх гэсэн түрэмгий харилцааг шүүмжилмээр байна. Хятадууд түншлэхээсээ урьтаад найзлахыг боддог. Сайн муугаа мэдэлцэж, нэлээд зангаа авалцсаны эцэст бизнес ярих сонирхолтой. Түүнийг нь манайхан нэг их тоодоггүй.
– Мэргэжлийн зөвлөх ажиллуулах ёстой гэж байна. Үнэ хөлс нь өндөр байдаг байлгүй дээ?
– Амжилттай бизнес хийе гэвэл гарааны мөнгө зарцуулахаас аргагүй шүү дээ. Бид хятадын хууль эрх зүй, татвар торгуулийн тогтолцоо гээд бүх зүйлийг ойлгож байж тогтвортой бизнес хийнэ. Яг үнэнийг хэлэхэд монголчууд Хятадыг сайн мэддэггүй Эрээн, Хөххотоор төсөөлдөг. Хөрш улс л гэж хардаг. Гэтэл энэ том гүрний хөгжлийн бодлого нь юу вэ, эдийн засаг нь яаж явдаг, худалдаа бизнес хэрхэн өрнөдөг, зөвшөөрөл лиценз хаанаас авдаг гээд олон зүйлийг судлах шаардлагатай болдог. Хөрш улс маань хурдацтай хөгжиж байна, бид ч гэсэн дагаад өөрчлөгдөх, шинэ түвшинд гарах цаг аль хэдийн болсон.
– Мэргэжлийн зөвлөхөд мөнгө төлдөггүй юм гэхэд МҮХАҮТ-ын Бээжин дэх салбараар дамжуулж мэдээлэл авах, тээвэр ложистик, бусад асуудлаа шийдүүлээч ээ гэж Та хэлэх гээд байх шиг байна. Туслалцаа хүсээд очсон монгол бизнес эрхлэгчдэд яг ямар үйлчилгээ үзүүлж чадах вэ? Төлбөр мөнгө ямар байх вэ?
– Яг тийм. Хувь хүн, нэг компани өөрсдөө юм уу эсвэл Өвөрмонгол хүнээр зуучлуулаад Хятадын аль нэг компани руу ярих, МҮХАҮТ-ын Бээжин дэх Төлөөлөгчийн газраас “манай гишүүн компани ийм хүсэл сонирхолтой байна” гээд ярих хоёр тэс өөр. Энэ л миний хэлэх гээд байгаа санаа. Хамгийн гол нь бид шууд тухайн компанитай гэхээсээ Бээжингийн худалдааг дэмжих хороогоор дамжуулж, тэдэнтэй үүсгэсэн харилцаа холбоо, хамтын ажиллагааныхаа хүрээнд ярих эрх зүйн чадамжтай. Хамтрагч байгууллагуудынхаа гишүүнчлэл, хүрээлэл, суваг сүлжээг ашиглаж бизнес ярих нь эргээд хариуцлага тооцох, удаан хугацаанд тогтвортой харилцаа үүсгэхэд баталгаа, ар тал болж байгаа хэрэг л дээ. Үүнийг л монголчууддаа ойлгуулмаар байна.
Бид “B2B” уулзалт зохион байгуулж өгөх, захиалгаар зах зээлийн судалгаа хийх, улс хооронд болон хот доторх тээвэр ложистик зохицуулах гээд боломжтой бүх талаар үйлчлэхэд бэлэн. Бүр зочид буудал захиалахаас эхлээд бизнес аялал, янз бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцох, тоног төхөөрөмж эрж хайхдаа ч хандаж болно. Гол нь цагийг нь хэт тулгаж биш урьдчилж холбогдох ёстой. Миний хувьд оюутан болж ирснээсээ хойш Бээжинд бараг 10 жил амьдарч байна, ажлын харилцаа холбоо, суваг сүлжээ чамлахааргүй бүрдсэнээс гадна Танхимын харилцагч байгууллагуудтай хамтран ажилладаг. Цаашид үйл ажиллагааны тарифыг манай төвөөс боловсруулж байгаа. Мэдээж хэт их үнэтэй биш. Гэхдээ үйл ажиллагааныхаа зардлыг санхүүжүүлэх хэмжээнд төсөвтэй байхгүй бол болохгүй.
– Тодорхой хэмжээний мөнгө төлж, бизнесийн зөвлөх, зуучлах үйлчилгээ авна гэдэг манайханд харьцангуй шинэ ойлголт байх. Дотоод нөөцөөрөө бүхнийг болгочих гээд л үздэг хүмүүс шүү дээ. Ялангуяа бизнесийнхний хэмнэх, гамнах сэтгэлгээ илүү байдаг байх. Албан ёсоор хандахын давуу тал ер нь юу вэ?
– Үнэндээ Бээжин хотод ЭСЯ-наас өөр бусад Монголын бизнес эрхлэгч нарт хандсан үйлчилгээ явуулдаг байгууллага байхгүй байсан. Харин одоо манай байгууллагад хандсаны давуу тал бол тогтсон тарифтай, албан ёсны газраар үйлчлүүлэх нь аль аль талдаа үр дүнтэй. Мөн эрсдэл багатай. Алдаа эрсдэл гарлаа гэхэд албан ёсны Төлөөлөгчийн газар түүнийг залруулахын төлөө ажиллана шүү дээ. Дэлхий нийтийн чиг хандлага өөр болж байна. Бүх зүйл мэргэжлийн байгууллагаар, албан ёсны агентаар дамжих тусмаа таны бизнес хамгаалагдаж байна. Түүнд зарцуулагдаж байгаа өнөөдрийн зардал таны ирээдүйн бизнесээс олох ашгаар богино хугацаанд нөхөгдөх хөрөнгө оруулалт гэж тооцох хэрэгтэй. Нэг ёсондоо эхлэлээ зөв тавих нь юу юунаас илүү чухал.
– Монголчууд хятадад хэр их бизнес эрхэлдэг вэ? Манай улсын зарим нэг брэнд, аж ахуйн нэгж Хөххотод салбараа нээж байгаа сонсогддог. Тэдгээр аж ахуйн нэгжүүд хэр амжилттай явдаг вэ? Салбараа Хятадад нээх сонирхолтой компаниудад юу гэж зөвлөмөөр байна вэ?
– Сүүлийн хорин жил яг албан ёсны платформоор харилцаж байгаагүй юм билээ. Яг бизнесээр хятад монгол хүмүүс шууд харилцах нь бага санагдсан. Мэдээж хэлний бэрхшээлээс болоод Өвөрмонгол хүмүүстэй хамтран ажилладаг. Яагаад гэвэл тэд хятад хүний сэтгэлгээг мэднэ, монгол хүмүүсийн ааш аягийг ч мэднэ. Бизнест хэлнээс гадна сэтгэлгээ маш чухал би түрүүнд хэлсэн.
Үүнээс гадна Хятад хүмүүсийн харилцаанд GUANXI буюу Нэтворк маш чухал байдаг. Бээжин дэх суурин төлөөлөгчөөр ажиллах эрхээ авсанаас хойш албан ёсны платформоор бизнес нетворкоо өргөжүүлэх тал дээр онцгойлон анхааран ажиллаж байна. Мөн түүнчлэн бид харилцан хамтран ажиллах улс үндэстэнийхээ соёлыг нь ойлгох зайлшгүй шаардлагатай. Тухайн улсынхаа онцлогийг сайн мэдэрдэг, хятад хэлтэй боловсон хүчнүүдийг олноор бэлтгэх, сургах шаардлагатай. Өнөөдөр Хятад улс хөгжлөө даган залуучууд нь боловсролдоо маш их анхаарч байна. Хөгжилтэй оронд амьдарч байгаа залуучууд нь өндөр боловсрол эзэмшиж эх орондоо буцаж олноор ирж байна. Өнөөдөр та Хятадын том хотуудаар бизнес уулзалт хийгээд явахад шинэ үеийн Хятад улс бий болсоныг олж харна. Тэгэхээр бид боловсрол болон бизнес харилцаан дээр энэ тэнцүү мэдлэг, чадвартай л байх шаардлагатай аргагүй тулгарч байгаа. Хэрвээ тийм биш бол гологдоно шүү дээ.
Монголд гарч байгаа Хятадын талаарх мэдээлэл ямар ч учир шалтгаан байдаг юм, дандаа сөрөг хар талдаа байгаа харагддаг. Бодит амьдрал дээр үнэхээр амьжиргааны түвшин сайжирч байна, чинээлэг дундаж давхарга нь нэмэгдэж байна. Хятад хүмүүс эх орондоо тайван сайхан амьдрах боломжийг улс нь бодитой хэрэгжүүлж чадаж байна. Биднийг түүхээрээ бардамнаж, хятадуудыг дорд үзэж байх хооронд тэд дэлхийд эдийн засгаараа дээгүүр яваа нь бодит үнэн шүү дээ. Энэ хөгжлийг бид гүйцдэггүй юм гэхэд суралцах зүйлийг нь суралцах ёстой. “Нэг бүс Нэг зам”-ын бодлого нь хөрш орнуудтайгаа хамтдаа хөгжицгөөе гэсэн уриатай. Дахин хэлэхэд Хятадад үйл ажиллагаа явуулъя гэвэл харилцаа холбоо, сүлжээгээ зөв олох хамгийн чухал. Манайхан Хятадыг зөвхөн Өвөрмонгол, эсвэл өөрийн явж байсан хэдэн хотуудаар төсөөлдөг. Хятад бол асар том гүрэн. Тийм болохоор юу ч хийсэн судалгаа сайтай, шат дарааллан ажиллах хэрэгтэй.
– Өнөөдрийн Хятадын бизнесийн онцлогийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл?
– Технологийн хөгжлөөрөө үнэхээр мундаг байна. Вичатаар бүх асуудлыг шийдэж байна. Бүх амьдрал нь зураасан кодоор өрнөж байна. Түрийвч халаасалж явдаг хятад хүн олдохоо байсан. Бид интернэт дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах нээлттэй байна. Манайханд мэдээлэл байхгүй, бэлтгэл ажлаа хангаагүйгээс энэ асар өргөн уудам и-коммерс ертөнцөд нэвтэрч чадахгүй байна. Интернэт худалдаа бол зөвхөн бидний мэддэг Хятадын хэдэн хотыг хамардаггүй, бүх бараа бүтээгдэхүүнээ Хятад улс даяар зарна гэж төсөөлөх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий даяар Хятадыг анхаарч байна, Хятадтай хэрхэн амжилттай бизнес хийх вэ гэж маш их судалгаа хийж байна, /Doing business with China/ контент хүрээллээ хурдацтай тэлж байна, энэ контентоор дамжуулж зөв мэдээлэл, зөв цагт нь хурдтай авсаны үндсэн дээр амжилттай бизнесүүдийг олон улсад хэрэгжүүлж чадаж байна. Бид л хойшоо суугаад байна.
Гадаадын ААН хятад зөвлөхүүдийг олноор ажиллуулдаг. Манайхан хятад мэргэжилтэн гэхээр барилгын хэдэн ажилчнаар төсөөлөөд байна. Яг стратеги, судалгаа, экспортын зураглал дээрээ хятад мэргэжилтнийг урьж баг болж хамтран ажиллах хэрэгтэй. Ингэсэнээрээ цаг хугацаа хожих мөн бодит мэдээлэлийг авах гээд олон давуу талтай. Өнөөдөр дэлхийн ТОП компаниуд Хятадаас хүний нөөц авч ажиллуулдаг болсон. Монголчуудад нэг ийм айдас байдаг, хятадуудтай ойр ажиллаж бусдадаа харагдвал бизнесийнх нь нэр хүнд унана, үйлчлүүлэгчдэд онцгүй сэтгэгдэл төрүүлнэ гэх мэт. Нэгэнт л урд хөрштэй бизнес хийх гэж байгаа бол энэ бол маш буруу хандлага. Бид зүгээр нэг хөрш биш дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа улстай хамтрахыг хүсэж байна гэдгээ ойлгох цаг болсон. Нэг биш нэлээд хэдэн өгүүлбэрээр хэлчихсэн үү (инээв)
– Сэтгэлгээ, хандлагаа өөрчил, мэдээлэл сайн цуглуул, урьдчилсан бэлтгэлээ ханга, мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэ, амжилттай бизнес хийе гэвэл эмх цэгцтэй, ул суурьтай ханд гэх мэт зүйлийг Таны ярианаас маш сайн ойлголоо. Яг одоогийн нөхцөлд Хятадад бизнес хийхэд монголчуудад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу вэ?
– Нэлээд судалсаны үндсэн тээвэр ложистик ийн салбарыг нэрлэмээр байна. Далайд гарцгүй орны зовлон их ч бидэнд давуу тал бий. Маш том үйлдвэрлэгч оронтой хиллэж байгаагаараа бид азтай. Тив алгасч Хятад улсаас бараа авч байгаа зөндөө улс орнууд байна. Гэтэл өнөөдөр Хятадаас Монгол руу бараагаа хаана явааг мэдэхгүй харанхуй хүлээгээд сууна гэдэг байж боломгүй. Бид цаашид Бээжин хотод тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг туршлагатай ложистикийн компанитай хамтран ажиллана. Бүх төрлийн тээврийг хямд үнээр хийнэ. Энэ нь манай улсын жижиг, том бүхий л салбарын бизнесийнхэнд маш эрэлт хэрэгцээтэй байгаа асуудлыг бид хийх болсондоо баяртай байна.
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа одоо үед эмх цэгцтэй, ойлгомжтой, технологи ашиглан хурдтай, найдвартай тээврийг хийх шаардлагатай байна.Өнөөдөр Улаанбаатараас өдөр бүр хоёр онгоц дүүрэн хүмүүс Бээжин руу нисч байна. Бүхий л тээврийн хэрэгсэлээр өдөр болгон маш олон зорчигчид Бээжинд очиж байгаа. Дамжин өнгөрч байгаа нь бий ч ихэнх нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн авахаар явж байгаа харагддаг. Өөрийн биеээр очихгүйгээр манайд хандан хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ захиалуулан авах, тээврийн асуудлыг нь хамт шийдэх боломж байгаа гэдгийг хэлье гэж бодож байна. Энэ нь цаг хугацаа үргүй зардлуудаа хэмнэх, мөн зуучлагчгүйгээр бодит үнээр худалдан авалт хийх бүрэн боломжтой.
Манайхан интернэт худалдаанаас сүүлийн үед маш их бараа бүтээгдэхүүн авч байна. Зарим нь худлаа байдаг гэх мэт эрсдэлүүдтэй бизнесийн салбарынхан нүүр тулсаар ирсэн. Манай байгууллагаар дамжвал бид бүхий л боломжоороо хамтран ажиллахад бэлэн байна.
– Мэдээлэл л маш чухал гэдгийг Та маш олон хэллээ. Үнэхээр тийм ч байх. Бид Хятадыг мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй нь ч үнэн бололтой. Та бүхэн яг МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газарт хандсан хүмүүст ямар нэг байдлаар туслах юм байна. Хандах эсэхээ ч мэдэхгүй яваа бусад хүмүүст яаж мэдээлэл хүргэх вэ?
– Бизнес нь итгэлцэл, харилцан ашигтай тасралтгүй удаан хугацаанд, тогтвортой явж байж үр дүн гардаг . Цаашдаа “Бизнес таймс” сонинтой хамтраад “Doing Business with China” зөвлөгөө, мэдээллийн контент хийхээр төлөвлөж байна. Мөн манай Төлөөлөгчийн газар удахгүй албан ёсны цахим хуудастай болно. Түүгээр дамжуулж мэдээлэл хүргэнэ. Бээжинд очиж байгаа манай бизнес эрхлэгчид, худалдаа эрхэлдэг хүмүүс заавал очих ёстой газрын нэг манай оффис байгаасай гэж хүсэж байна.
– Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.