Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор хил гарч нүүрс тээвэрлэдэг автомашины жолооч нараас хятадууд эмнэлгийн бус орчинд их хэмжээний цус авсан байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Гашуунсухайт боомтоор 20 машин нэвтэрсэн гэх бөгөөд эдгээр машины жолооч нарыг БНХАУ-ын талын албаны хүн нэг өрөөнд орохыг хүсчээ.
Өрөөнд оруулсаны дараа жолооч нарын даралтыг үзэж, зүү тариур гаргаж ирээд цусыг нь авч эхэлсэн байна. Жолооч нарын хэлж байгаагаар эмнэлгийн бус хүмүүс байсан бөгөөд цусыг шинжилгээ авах хэмжээний биш их хэмжээгээр авсан гэв. Мөн тухайн үед орчуулагч байгаагүй учраас ямар шалтгаанаар цус авч байгааг мэдээгүй гэлээ.
Мөн хил давах гэж байгаа жолооч нар цусаа өгнө гэж байлаа. Хэрвээ өгөхгүй гэвэл яах бол гэсэн айдастай байна гэдгийг ч хэлж байсан юм. Жолооч нарын тайлбарласнаар, хятадууд тун ууртай, дээрэнгүй байдаг, хил гарсан жолооч нарыг цусаа өгөхгүй бол хорионд оруулдаг учраас өгөхгүй байх арга байгаагүй гэв. Тиймээс ч ямар нэгэн мэдээлэлгүй цусаа өгөхөөс аргагүй нөхцөл байдалтай нүүр тулсанаа тэд хэлж байв.
Монгол Улсын иргэдээс хятадын тал ямар учраас, яагаад цус авч шинжилгээнд оруулж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Нүүрс тээврийн жолооч нар уг нь хил даваад нүүрсээ буулгаад буцдаг. Тиймээс хятадын талд жолооч нарын эрүүл мэндийг хянаад байх шалтгаан байхгүй баймаар юм гэсэн эргэлзээ жолооч нарын дунд гарч байна.
Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр Гашуунсухайтын боомтоор гэхэд энэ сар гарсаар өдөр бүр нүүрс ачсан 400-1000 ачааны машин хилээр нэвтэрч гардаг аж. Өнөөдөр тус боомтод ойролцоогоор 10 мянга гаруй жолооч нар ажилладаг гэсэн тоо байдаг.
Newsmedia.mn
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.