Үнэт цаасны данс зөвшөөрөлгүй нээсэн тохиолдол гарчээ

2018-11-13 Мэдээ, мэдээлэл


Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй 54 компанийн төлөөлөлтэй уулзаж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Хорооны Үнэт цаасны газрын Б.Лхагвасүрэн зах зээлийн энэ оны гуравдугаар улирын тайлангийн нэгтгэл, түүнд хийсэн дүн шинжилгээг танилцуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа талаар олон нийтэд нэгдмэл бус, харилцан адилгүй байр суурийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд өгч байгаа нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгааг анхааруулав.

Тус компанийн хувьцаатай холбоотойгоор иргэдийн үнэт цаасны дансаа нээлгэх идэвх сэргэж буйг ашиглан нийгмийн сүлжээгээр болон албан бус маягт бөглүүлэх замаар зөвлөгөө өгөхгүйгээр данс нээх үйлдэл гарч, энэ талаар Хороонд цөөнгүй санал, гомдол ирж байна. Иймд тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниуд хууль, журмын дагуу, мэргэжлийн, ёс зүйтэй ажиллахыг санууллаа. Мөн Хороонд бүртгэлтэй 54 компанийн 37 нь буюу 68 хувь нь гуравдугаар улирлын тайлангаа ирүүлээгүй, эрсдэлийн сангийн шаардлагыг компаниудын 18 орчим хувь хангаагүй, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахдаа заавал салбарын тусгай зөвшөөрөл авсан байх зэрэг олон асуудлыг хөндөж, үнэт цаасны цахим үйлчилгээний техникийн боломжийг бүрдүүлэх, хувьцааны данс нээх үйл явцын тодорхой хэсгийг цахимаар явуулж болох эсэх гэх мэт асуудлаар санал солилцлоо.

Мөн үеэр ҮЦК-уудаас гаргадаг нийтлэг зөрчил, дутагдлын талаар ярьж, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх 94 дүгээр тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг онцлов. Уг тогтоолын хэрэгжилтийг бүртгэлтэй 54 компанийн 33 нь хангаж, үлдсэн 21 компани хангаагүй байна. Түүнчлэн үнэт цаасны компаниудад мөнгө угаах, терроризмтой тэмцэхтэй холбоотой хоёр удаагийн шалгалт явуулахад боловсон хүчин дутмаг, иргэдэд зөвлөгөө өгч ажиллах ур чадвар тааруу байсны зэрэгцээ суурин хаяггүй компаниуд олон байгаа аж.

Тусгай зөвшөөрөл авснаасаа хойш үнэт цаасны арилжаанд оролцоогүй, цөөхөн оролцсон компаниуд ч цөөнгүй байгааг болон андеррайтерийн эрх олгосон 23 компанийн ердөө тав нь шаардлага ханган ажиллаж байгааг мөн үеэр дурдлаа. Иймд цаашид Хороо харилцагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг олон улирал дараалан хангаагүй компаниудад хатуу хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдэж, компани тус бүрийн үйл ажиллагааны болон санхүүгийн үзүүлэлтэд харгалзах асуудлыг тусгасан албан мэдэгдлийг гарган өглөө. Мөн орон нутагт салбар нээх зөвшөөрөлгүй атлаа үнэт цаасны данс нээсэн цөөнгүй тохиолдол гарч байгааг тус хорооноос сануулав.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.