Ардчилсан намын бүлэг ажил хаялт зарласан ч цаг үеийн асуудлаар хуралдлаа. Өнгөрсөн долоо хоногт 2019 оны улсын төсвийг парламент сөрөг хүчингүйгээр баталсан. Мөн ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудал болон АСЕМ-ын зардалтай холбоотойгоор улс төрийн хүрээнд багагүй дуулиан дэгдээд буй. Тэгвэл Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараах тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагаас ахицтай зүйл гарсангүй. Тийм учраас бид ирэх долоо хоногоос дараагийнхаа тэмцэл рүү орох зайлшгүй шаардлагатай болж байна гэдгээ ярилцлаа.
Нэг. ЖДҮХС-гийн мөнгийг Засгийн газар, сайд нар, УИХ-ын гишүүд зохион байгуулалттайгаар авсан гэдэг нь сүүлийн үед гарч байгаа нотлох баримтуудаар ойлгомжтой болсон. Тэдгээр хүмүүст зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэдэг АН-ын бүлгийн шаардлага хэвээрээ байгаа.
Хоёр. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг хуралдаанд оролцоогүй үед 2019 оны төсвийг баталсан. Энэ төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүй батлагдсан. Зарим байхгүй гишүүдийн кнопыг дарсан. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа илэрхийлсэн. Одоо бид дараагийн уриалгаа гаргаж байгаа. Ерөнхийлөгчийг энэ 2019 оны төсөвт хориг тавиач ээ гэдэг уриалгыг гаргаж байна. Энэ төсвийг бид дэмжих боломж байхгүй. Хэрэв Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид энэ хоригийг дэмжинэ.
Гурав. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлттэй холбоотой ард түмний байр суурьтай АН нэгдмэл байгаа. Хэрэв бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол бид дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно. Гэхдээ тэмцлийн хэлбэрийг өнөөдөр ярихад эрт байгаа. Бид тухайн үед нь тэмцлийн хэлбэрээ өөрсдөө сонгоод явна” хэмээн тодрууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.