“Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сангаас бага, дунд насны хүүхдүүдэд зориулсан “Гэртээ хамтдаа уншъя” өдөрлөгийг энэ сарын 13 буюу бямба гаригт зохион байгуулах гэж байна. Өдөрлөг “Болор туул” амралтын газар болох бөгөөд үнэ төлбөргүй аж. Тус номын сангийн үүсгэн байгуулагч Б.Сүнжидмаатай ярилцлаа. Тэрбээр эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ дагуулан ирж, гэр бүлийн дурсамжийн альбомдоо нэгэн түүх нэмэхийг уриалж байна.
–“Гэртээ хамтдаа уншъя” өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө үү
– Өдөрлөг энэ бямба гаригт 11.00-16.00 цагт болно.
Ээж, аав нар хүүхэддээ эхлээд ном уншиж өгснөөр үлгэр сонсох дуртай болдог. Тиймээс хүүхэд бүрийг номонд дуртай болгох, эцэг, эхчүүдэд хүүхэддээ ном уншиж өгөх дадал суулгах зорилгоор энэ өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр бага, дунд насныханд зориулагдсан монголын болоод дэлхийн сонгодог зохиол, үлгэрүүд уншигдана. Гэрүүдийн гадна насны ангилал ямар үлгэр зохиол унших хөтөлбөр байрлуулсан байна. Үлгэр, зохиолыг Хөгжим бүжгийн кино драмын ангийн оюутнууд уран яруу, сонирхолтой хэлбэрээр уншина. Мөн тусгайлан бэлтгэсэн гэрт гар урлал, сэтгэхүйн тоглоом хийж болно. Хүүхдүүд өөрсдөө болон эцэг, эхчүүдийн хамтаар зураг зурж, тоглоом бүтээн гэртээ авч явах боломжтой.
Ээж, аавуудыг хүүхдүүддээ нэг өдрийг зориулж хамтдаа ирж, үлгэр сонсохыг урьж байна.
-Өдөрлөг хаана болох вэ, тасалбарын үнэ хэд билээ?
-Хотын төвөөс 4 км зайтай Туул голын дагуу байрлах “Болор туул” амралтын газарт болно. Энэ өдөрлөг үнэ төлбөргүй, сонирхсон 0-13 насны хүүхэд бүрт нээлттэй. Ирсэн хүүхэд бүрт оролцогчийн карт олгож 3 -аас дээш үлгэр сонссон бол амттанаар урамшуулж, 5- аас дээш үлгэр сонссон бол “Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сангаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнд оролцох эрх олгоно. Мөн хөтөлбөрт цаасан шувуу урлаж, нисгэхээр бэлтгэсэн. Та бүхэн 99561266, 95970750 дугаарт холбогдон өдөрлөгийн талаар мэдээлэл аваарай.
–“Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сан байгуулагдсан өдрөөс хойш хичнээн хүүхдэд үйлчлээд байна вэ?
-Хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 800 мянган хүүхдэд үйлчилсэн бүртгэл бий. Хүүхэд өөртөө хэрэгтэй мэдлэгийг олж авах, өөртөө итгэлтэй, зөв хүн болж төлөвшүүлэх зорилго тавьж үйлчлүүлэгч бүрээ угтдаг. Манай номын санд нэг удаа ирсэн хүүхэд заавал дахиж ирдэг. Учир нь, нийт орон сууцны өрхүүдийн дийлэнх нь хоёр өрөө байранд амьдардаг, хүүхдэд зориулсан өрөө байдаггүй. Харин манайд яг л таны хүүхдэд зориулж тохижуулсан өрөө угтдаг. Хүүхэд өрөөндөө даалгавараа хийж, шатар, даам тоглох зэргээр шинэ найзуудтай болно. Мөн интернэтгүй орчин бүрдүүлснээр хүүхдүүд шинэ олон найзтай болдог. Аль болох “амьд харилцаа-нд орж, нээлттэй, өөрийгөө илэрхийлж сураасай гэж боддог.
Бага насны хүүхдүүдэд зориулсан гар ажилбар, сэтгэхүйн тоглоом бүхий өрөө, уншлагын танхим зэргээс бүрдсэн 4 танхимтай. Монголын болоод дэлхийн сонгодог зохиол, үлгэр домог, зурагт ном, модон болоод цаасан сэтгэхүйн тоглоомнуудтай. Гадаад хэл сурч байгаа хүүхдэд зориулсан Герман, англи хэл дээрх богино текст бүхий зурагт ном зэрэг олон ном бий. Хүүхдүүдийг хөгжүүлж болох юу л байна түүнийг эрэлхийлж байна.
–Номын сангаас гадна хүүхдүүд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?
-Мөн номын сангаас гадна хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, байгаль орчинд ээлтэй хандах, хэрхэн бохирдуулахгүй байх, хамгаалах талаар мэдээлэл өгч, байгалийн музей, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн үзэх зэргээр танилцах аялал зохион байгуулдаг. Номын сандаа багш, хүүхдийн зохиолч нарыг урьж ярилцдаг. Хүүхдүүд ийм төрлийн хөтөлбөрт дуртай байдаг. Мөн өнгөрсөн жилээс мэргэжил сонгох өдөрлөгийг Налайх дүүргийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.
–Анх яагаад хүүхдийн номын сан нээхээр болсон юм бэ?
-Би багаасаа ном уншсаар байгаад дуртай болсон. Уншсан ном бүрээ хүүхдүүдийг уншаасай, шинэ зүйл мэдээсэй гэж боддог. Одоо ч гэсэн ном унших нь зуршил болсон хэвээрээ. Өдөрт заавал ном дэлгэнэ.
Хүүхэд бүр шинэ ном уншиж, тэс өөр ертөнцөд зочилж, сургамж авч, даган дуурайж, аз жаргалтай болдог гэж итгэдэг. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм өөрөө их бухимдал, стресстэй байна. Энгийн жишээ дурьдахад, гэртээ зурагт үзэхдээ, интернэт орчин болон ээжүүдийнхээ үздэг солонгос олон ангит киноноос эхлээд хүүхэд бухимдлыг мэдэрч байгаа. Тиймээс бид хүүхдүүдэд гэгээн цагаан бүхнийг мэдрэх, хүүхэд насандаа хүсэл мөрөөдөл дүүрэн, аз жаргалтай өдрүүдийг бэлэглэх хэрэгтэй.
Би өөрөө Швейцарьт амьдардаг. Монгол Улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юм сан гэж их бодсон. Бодож бодож, ирээдүй болсон хүүхдүүдийг боловсруулах ёстой юм байна. Мэдлэг олгосноор тэдэнд өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, сайн муугийн ялгаа зэргийг таниулах юм байна. Номонд дуртай болох анхны зөв төлөвшлийг бий болгож, суулгаж өгснөөр хүүхдүүдэд оруулж буй миний хөрөнгө оруулалт гэж бодсон. Ийм л бодол тээн хоёр жилийн өмнө “Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сангаа нээж байлаа.
-Номын сангийн үйл ажиллагааны зардлыг яаж зохицуулдаг вэ?
– Швейцарийн Базель хотын сайхан сэтгэлт хүмүүс, олон найз нөхдийн тусламж, дэмжлэгийн хүчээр болгож л явна.
-Ярилцсанд баярлалаа.
“Цэцгэн таван дэлбээ” хүүхдийн номын сан модны хоёрт хуучин Эрүүл мэндийн VII төвийн хажууд 13а байрны 7 давхарт байрлаж байна. Та бүхэн 99997535, 95970750 дугаараар холбогдож болно. Даваагаас Бямба гариг бүрт 10.00-18.00 цагт ажиллаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.