Энэ онд нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөг зарцуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэл өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна зам талбай, автомашины зогсоолыг иж бүрэн тохижуулж дуусчээ. Хотын удирдлагын зүгээс Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зориулалтаар болон орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй гэсэн шийдвэртэй байгаа аж. Эдгээр талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээг тухтай авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгохоор тохижуулсан байна.
Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгон тохижуулсан. Энэ 2018 онд бүх дүүргийн эмнэлэг, амаржих газруудын гадна талын талбайг тохижуулж дуусгахаар төлөвлөөд буй. Зөвхөн машины зогсоол төдийгүй явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд зэргийг иж бүрнээр нь хийж байгаа юм. Үүнийг Нийслэлийн Засаг даргын эрүүл мэндийн салбарт зориулж байгаа онцгой бодлого гэж хэлж болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 9 дүгээр сарын 15-ны бямба гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтын үйл явцтай танилцлаа. Харамсалтай нь, үндэсний хэмжээний энэ хоёр төвийн гаднах талбайн бүтээн байгуулалт графикт хугацаанаасаа нэлээд хоцорч, хамгийн их удаашралтай яваа тул ийнхүү анхаарал хандуулж, хариуцлага нэхсэн юм.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг “Энигма” компани, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилтыг Улаанбаатар Зам засвар, арчлалт газар гүйцэтгэж байгаа ажээ. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гаднах талбайн тохижилт 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнх ч үүнтэй ойролцоо аж. Аль аль нь зам, талбайн тохижилтоос гадна нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болох зураглалтай.
Нийслэлийн зүгээс хөрөнгө гаргаж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, зам, гарцтай, үндэсний хэмжээний томоохон төвүүдийг нисдэг тэрэг, онгоц буух талбайтай болгож байгаа хэдий ч гүйцэтгэл хариуцсан газрууд нь хангалтгүй ажиллаж, хугацаа алдаж, Эрүүл мэндийн яам ч анхаарахгүй, эдгээр эмнэлгүүдийн удирдлагын зүгээс ч сэтгэл гаргахгүй байгааг хотын дарга анхааруулж байлаа. Ингэж хайнга хандаж байгаа тохиолдолд нийслэлээс гаргасан хөрөнгийг буцаан татаж болохыг ч сануулав. Мөн гүйцэтгэгч компаниуд 10 дугаар сарын 15 гэхэд даасан ажлаа бүрэн дуусгах амлалт өгчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.