УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төрийн бодлогогүй шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Монгол Улсын төр чадамжгүй болох чиглэл рүүгээ шууд явж байна гэж харж байгаа. Үнэмлэхүй олонхын суудал авсан МАН сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн үйлдэл, явуулсан бодлогогүй алхмууд нь төрийн нэр хүндийг унагаж дуусаж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн.
Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байгаа алхмууд энэ бүхэнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн зөвлөмж АН-ын Улс төрийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг бид хэлэлцэж тус мэдэгдлийг дэмжсэн шийдвэрийг гаргасан.
“Арбитрын шүүх дээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний төлбөр нэхэгдсэнээс гадна үйлдвэрийн удирдлагууд гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан. Засгийн газар энэ асуудалд анхаарах ёстой байтал өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай. Эх баригчид дотроо ил цагаан талцан хуваагдан өөрсдийн байгуулсан Засгийн газраа унаган байж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулна, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан намынхаа зарим нөхөдтэй хатуу тэмцэхээ ч илэрхийлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй.
Эх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж, Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улс бол АН. Тиймээс ч бид гаднаас хүн хулгайлдаггүй. Өөрийн орноос хүн хулгайлуулдаггүй. Гэтэл Тагнуулын байгууллага хүн хулгайлах хэрэгт оролцож, Засгийн газар уг асуудлаар ганц дорвитой байр суурь илэрхийлээгүй явдалд АН шүүмжлэлтэй хандаж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ц.Нямдорж сайдтай Хууль зүйн яам Эрдэнэтийн асуудлыг цэгцэлнэ гэж ард түмэнд амлалт өгсөн. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш “Эрдэнэт” үйлдвэр дээр дорвитой алхам хийхгүй байгаа нь буруу. Одоо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй. Саяхан эрдэнэт хүний амь нас намын зөрчлөөс болж эрсэдлээ. Ганцхан сайдыг огцруулаад асуудлаас бултана гэж байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, УИХ-ыг тарахыг АН шаардаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилга гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг хойшлуулж байгаа М.Энхболд болон 65-аас бүрдсэн УИХ-ыг тараах нь зүйтэй гэж манай бүлэг үзэж байгаа. төрийн албан тушаалыг мөнгөөр зардгаас болж хүний амь эрсдэж байна. АН засаг барьж байхад бие биеэ хөнөөж байгаагүй. Хариуцлага тооцно гэж гарч ирсэн Ерөнхий сайд нь хаачхав, хуулийн хайчийг ажиллуулна гэсэн Ц.Нямдорж гуай хаачхав. Одоо 60 тэрбумын хэргийг нэг тийш нь болгох хэрэгтэй. Хариуцлага ярихаар зугтдаг, бултдаг УИХ, Засгийн газар байж болохгүй. Ганц сайдад хариуцлага тооцоод бултана гэж байхгүй.Төрийн албыг мөнгөөр зардаг гэмт этгээдүүдийн эсрэг Л.Оюун-Эрдэнэ гишүүнтэй нийлж явах болно. АН шударга ёсыг ярьж байгаа гишүүн бүртэй хамтарч ажиллана” гэв.
Түүнчлэн З.Нарантуяа гишүүн “Эдийн засгийн өсөлтүүд сайжирсаар байгаа энэ үед Засгийн газар санаачилгатай ажиллаж чадахгүй байна. Зоригтой, сайн шийдвэрүүдийг гаргадаг Засгийн газар ажиллах хэрэгтэй байна. Тиймээс АН Засгийн газрыг огцорч, чадвартай шинэ бүрэлдэхүүн үүсгэхийг УИХ-аас шаардаж байна. УИХ сайн Засгийн газар байгуулж чадахгүй бол огцрох хэрэгтэй” гэдгийг тодотгов.
Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Танай намын бүлгийн есөн гишүүн санал нэгтэйгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдыг огцрох нь зүйтэй гэж үзэж байгаа юм уу?
-Бүлэг дээр асуудлыг хэлэлцээд, олонхоор энэ асуудлыг дэмжсэн.
-Чуулган завсарласан учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг хэрхэн хэлэлцэх боломжтой гэж харж байна вэ?
-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг АН-ын бүлгийн зүгээс дэмжинэ. Ээлжит бус чуулган зарлагдана гэдэгт бид итгэлтэй байгаа. Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудлыг шийдэхэд УИХ-ын дэгийн тухай хуулиар хэлэлцэх заалттай. Засгийн газар дангаараа шийдчихгүй. Тиймээс хуулийн дагуу асуудал яригдана гэж харж байгаа. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд дэд сайд, ТНБД, газрын дарга нарыг чөлөөлөх асуудлыг шийдэх боломжтой. Харин сайдын асуудлыг УИХ-аар оруулах учиртай юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30454
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.