ХАВРЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАЛАА

2018-06-29 Парламент

Чуулганы танхимаас

 УИХ-ын чуулганы хуралдаан хуулийн дагуу хуралдаж, өнөөдөр хаалтаа хийж байна. УИХ-ын чуулганыг хааж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
Тэрбээр:

Өнгөрсөн хаврын чуулган 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83 хувьтай байж бие даасан 17 хууль, 67 хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоол 51-ийг батлан гаргажээ. Чуулганы нэг онцлог нь гишүүдийн ирц сайжирсан явдал байлаа. Зөвхөн ирц, оролцоо, батлан гаргасан хууль, хуулийн хэлэлцүүлэг зэрэг тоон үзүүлэлтээрээ энэ удаагийн чуулган өмнөх чуулганаас илүү байлаа. Та бүхний зүтгэл, чармайлтаар ийм үр дүн гарсан гэж дүгнэж байна. УИХ-ын үйл ажиллагааны нэг хэсэг болсон хяналт, шалгалтын чиглэлээр маш өндөр үзүүлэлт гаргасан. 15 удаагийн ажлын хэсэг байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, хянасан байна. Өнөөдөр бид Тавантолгойн ордыг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах шийдвэр гаргалаа.  Ёс зүйг эрхэмлэх, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлээр УИХ үлгэр дууриал болж ажиллана гэж байсны дагуу гишүүдийг хариуцлагжуулах Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Гишүүд хуралдаа суухгүй, арга ядсандаа ийм хууль батлаагүй юм.

2019 он нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлт, эдийн засаг нийгмийн өсөлтийг найман хувьд хүргэж, орлого нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн нэгдсэн үзүүлэлт баталсан.  2019 онд Оюутолгойн далд уурхайн олборлолт  60 хувь хүрч, томоохон төслүүд хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр эдийн засаг тогтворжиж, төсвийн орлого нэмэгдэж, өр зээлийн дарамт багасна. УИХ Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор батлах, Монголын тээвэрчид гуравдагч орон руу дамжин өнгөрөх шинэ гарц бий болгосон хууль баталсан.

Дэлхий рүү гарах гарц нь олон байх, хөрш орнуудтай харилцах хамтын ажиллагааг санаж, бодох шаардлага байна.  Энэ онд болон ирэх онуудад хүүхдийн эрхийг хамгаалах сурах орчин, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах болно. Ирэх онд 85 цэцэрлэг, 62 сургууль барьж, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлж болгохоор зорьж байна. Хүчирхийллээс хүүхдүүдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах чиглэлээр хууль тогтоомжийн орчныг сайжруулах, хамтын ажиллагаа нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Бүх шатны байгууллага энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд улс төрийн намуудын тухай хууль, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтлцоог өөрчлөх суурь хуульд өөрчлөлт оруулах томоохон төслүүд биднийг хүлээж байна. Үндэсний эв нэгдлийг хангах, хууль засагладаг нийгмийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Чуулган завсарлах нь иргэд, сонгогчидтойгоо идэвхтэй хамтран ажиллах боломж байдаг. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаа, баталсан хуулиа сурталчлан, таниулж, иргэдийнхээ үгийг сайн сонсоорой гэв.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.