-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийг дэмжлээ-
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэхээр товлосон. Одоогийн байдлаар чуулган түр завсарлаад байна.
Үдээс өмнөх чуулганаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал бол Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл байв. Уг төслийг гишүүд хэлэлцэж баталсан юм. Энэ үеэр төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавьсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэг өдрийн өмнө ч гэсэн зээлийн хүүг бууруулах нь чухал. Өнөөдөр зээлийн хүү, түрээсийн төлбөр хоёр ард иргэдийн амьдралыг туйлдуулж байна.Хамгийн баталгаатай мөнгө бол цалин, тэтгэвэр. Ер нь банкууд юун дээр эрсдэлтэй гэж үзээд хүү авдаг юм бэ. Тэтгэврийн болон цалингийн зээлийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ. Нийт зээлийг хамруулбал хэтэрхий хавтгайрна. Мөнгө хүүлэлт хавтгайрсан луйвар болсон. Нарантуул зах дээр хоногийн зээл гэж иргэдийг шулж байна. Өдрийн зээлийн мөнгө хүүлэлтийг зогсоомоор байна. Хоногийн зээл гэдэг нэрийн дор нэн ядуу хүмүүст мөнгө зээлүүлээд өрийн сүлжээнд оруулж эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэдэг. Зээлийн хүүгийн дээд хэмжээг хэрхэн дүгнэсэн бэ” хэмээн тодруулав. Харин эл асуудтад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохдоо Монгол банкны бодлогын хүү, “марж” буюу банкуудын зээлийн хүүтэй уялдуулж байгаа” гэдгийг тодрууллаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Уг хуулийн төсөл өмнө нь яагаад дэмжигдээгүй вэ гэхээр төрийн зохицуулалт болон эдийн засгийн арга хоёрыг хослуулъя гэдэг санааг гишүүдийн зүгээс хэлсэн. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратегийг гаргасан байгаа. Төрийн зохицуулалтын арга нь үнийн дээд таазыг тогтоодог хэлбэр. Эдийн засгийн арга гэдэг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох асуудал юм. Эдийн засгийн гурван үндсэн үзүүлэлт гэж бий. Тогтвортой өсөлт, нам түвшний инфляци, ханшийн тогтвортой байдал гэсэн энэ гурван үзүүлэлтийг барьж ажиллах явдал юм” хэмээн онцлов. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал эсрэг байр суурьтай байсан юм. Тодруулбал, “Зээлийн хүүг бууруулъя гэвэл энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй байх. Зээлийн хүүгийн босго тогтоогоод ирэх юм бол энэ салбарын мөнгөний эргэлт байхгүй болж санхүүгийн зах зээл бүрэн хямралд орно. Хөрөнгийн зах зээлийн ойлголтгүй, чөлөөт үнийн системгүй ийм тогтворгүй оронд бид хуулиараа зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно гэж ярих нь ичгэвтэр асуудал. Хэдий болтол ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес эрхэлж байгаа ЖДҮ эрхлэгчдийг дарамтлах юм бэ. Төр орох зүйл рүүгээ оръё л доо. Ийм хуулийг бид дэмжиж болохгүй. Үүний цаана бизнес эрхлэгчид хохирно. Хамаг хөрөнгөө цемент болгочихсон, дутуу баригдсан барилгууд юунаас үүдэлтэй вэ гэхээр санхүүгийн салбартай холбоотой. Манайх шиг хадгаламж, хуримтлал нь бага, зөвхөн хадгаламжаасаа эх үүсвэрээ татдаг ийм оронд байж болохгүй хуулийн төсөл” гэлээ.
Түүний энэхүү байр суурийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ эрс эсэргүүцэж “Н.Учрал гишүүнийг би эдийн засгийн мэдлэгтэй залуу гэж боддог байсан юм. Хуулийн төслөө уншаагүй байж ингэж ярьж болохгүй. Чи өөрөө мөнгөтэй, хадгаламжтай байж болно. Зээлийн хүүгийн дарамт ямар өндөр хэмжээнд очсоныг чи мэдэж байгаа юу. Хадгаламжийн хүүгээрээ баяжаад явж байгаа чамд бол эсрэгээрээ байгаа байх л даа. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулиар хөрөнгөтэй хүмүүсийг хамгаалах гээд байгаа юм биш. Эсрэгээрээ ЖДҮ эрхэлж байгаа, өдрийн зээлд дарлагдсан, байрны зээлдээ дарлагдсан сая сая монголчуудын эрх ашгийг хамгаалах гэж энэ хуулийг санаачилсан юм” гэдгээ тодруулж байсан юм.
Ажлын хэсэг:
Зээлийн хүүгийн хязгаарлалтыг тогтоохдоо зээлийн хүүгийн бүтцээ заавал авч үзэх ёстой. Ингэхийн тулд зээлийн хүүгийн зардал, ашиг гэж хоёр зүйл бий. Зээлийн хүүгийн зардал нь хадгаламжийн хүү. Жишээ татахад, сүүлийн 10 гаруй жил хадгаламжийн хэмжээ өсч байгаа боловч зах зээлийнхээ журмаар авч үзэхээр хүү нь буурахгүй байгаа. Монгол Улсад 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд бий. Үүний хадгаламжийн данс эзэмшигчид дөнгөж 0.15 хувийг эзэлдэг. Үүнээс харахад, Монгол Улсын зах зээлд зөвхөн мөнгө хүүлэлт явагддаг болохыг дээрх жишээнээс харж болно.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжихийг гишүүдийн олонх дэмжсэнээр тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.