УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад хувийн 50.7 ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлуудаа тогтов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүдийн саналын дагуу холбогдох Байнгын хороодын хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслүүдийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо. Мөн намын бүлгүүд ярилцаад хаврын чуулган завсарлахаас өмнө дэд хороодын дарга нарыг сонгох асуудлыг шийдэхийг Улсын Их Хурлын дарга сануулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлтийг сонсож, уг дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. …”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Зөрчлийн хуулиар захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлага хоёрыг нэг уутанд хийчихсэн нь буруу болсон нь олон зүйл дээр харагдаж байна, иргэдэд хүнд суртал учруулж байгаа учраас жижиг гэмт хэрэг, зөрчил хоёрыг салгаж зааглах үүднээс хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн асуудлаар анхан шатны шүүхэд давж заалдах хугацааг эргэн харах саналтай байгаагаа хэлсэн юм. Улсын Их Хурлыэ гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гишүүдийн асуултад хариулахдаа, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг яамнаас байгуулж ажиллуулсан, төслийн талаар яамдаас санал авахаар өнөөдөр хүргүүлж байгаа. Энэ хуулиуд хэрэгжиж эхлээд нэг жил ч болоогүй байна. Ер нь ийм томоохон хуулийн согог 2-3 жилийн дараа л харагддаг. Тиймээс тодорхой хугацаанд ажиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.