Зуун ямаанд жаран ухна гэгчээр сая хүрэхгүй хүн амтай нийслэлийн арав гаруй хорих анги багадаж, дахиад нэг өргөст тор нэхэх төсөв мөнгийг нь хэдийнэ шийдвэрлэчихсэн гэх юм. Зайлшгүй газар нь ганц сургууль, цэцэрлэг барих гэхээр төсөв хөрөнгө байхгүй гээд л улаан хэрүүл болдоггүй бил үү. Тэгээд л шав нь тавигдсан эдгээр газруудын барилга ёс юм шиг хэдэн жил цардаагдан байж босдог нь өнөөгийн нийгмийн жам ёсны хэрэг үү. Гэтэл шорон босгоё гэхээр хөрөнгө мөнгө нь цаанаасаа ундраад, хэдэн тэрбумыг зүгээр л шидлэх ханзааны. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хотод эмэгтэйчүүдийг хорьж цагдах шорон дутмаг байна гэнэ. Байдаг нь дүүрч ачааллаа дийлэхээ байсан уу гэвэл үгүй. Гэтэл яагаад заавал эмэгтэйчүүдэд хаяглаж, төмөр тор нэмэж зэхээд байна вэ? Хэний халаасыг баясгах гэж юун шорон барих гэв.
Тийм ээ, энэ асуултын хариулт дөмөгхөн юм. Монгол Улсад эрчүүдийг хорих байр сав хангалттай бий. Тэгэхээр бүсгүйчүүдэд зориулж шорон босгох нь цагаан захтнуудын хувьд хэл ам багатай ч юм уу. Тэгэхдээ бүр өмнө гаргасан шийдвэрээсээ буцаж дахиад л хуучин “Ганц худаг”-ийн суурин дээр эмэгтэйчүүддээ ганц сайхан шинэ шорон бариад өгье гэж байгаа юм байх.
Уг нь хуучин “Ганц худаг” хавиар айл ихтэй, тэр чигтээ гэр хороолол. Яагаад ч энгийн иргэд хорих газартай айлсахгүй гэж хэдэн жил хуулийнхан өөрсдөө том дуугарч байгаад л шинээр урьдчилан хорих төвийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу IV цахилгаан станцын урд талд бариулаад хэдэн жил болж байгаа билээ. Гэтэл шинэ хорих ангийнх нь будагны үнэр нь ч гарч амжаагүй шахам байхад хуучин буурин дээрээ шинийг босгохоор хөрөнгө мөнгөө хүртэл шийдүүлчихсэн суугаа нь ямар ид шидийн хэрэг вэ…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.