Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэж бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эдийн засаг хэдийгээр сэргэж байгаа ч эдийн засгийн цаашдын төлөв байдал эмзэг хэвээр байгаа. Санхүүгийн бат бөх чадвар гадаад валютын нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд одооноос бид анхаарах ёстой. Инфляци болон эдийн засгийн өсөлтийн зөв тэнцвэрийг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засгийн идэвхжилээс иргэдийн амьжиргаа нийгмийн сайн сайхны төлөө үзүүлэх нөлөөлөл өндөртэй юм. Урт хугацаанд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хэвээр хадгалагдах, хөрөнгийн их хэмжээний тогтвортой урсгал орж ирэх нь төсвийг байнга тэтгэхгүй учраас төсвийн сахилга батыг үргэлжлүүлэн сахиж эдийн засгийн сэргэлтийн үед төсвийн бодлоготой уялдуулан зардлыг нэмэгдүүлэхгүйгээр, орлогын хуримтлал үүсгэх төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага тулгарсан хэвээр байна” гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:
-Эдийн засаг сайжирч байгаа гэдэг дүгнэлтийг мэдээлэлдээ оруулсан байдаг. Уул уурхайн хараат эдийн засаг хэвээр байгаа. Энэ давтамж хэзээ эргэх талаарх төсөөлөл байна уу. ОУВС болон гуравдагч орны санхүүгийн байгууллагуудаас бонд авсан. Энэ өр зээлийн хэмжээ өнөөдөр ямар түвшинд байна вэ. Мөн Хятад улсын ардын банкнаас своп зээл авсан. Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар Хятадад очихдоо баахан зээл авах талаар яриад ирсэн. Гуравдагч орны зах зээлээс босгосон, БНХАУ-аас босгосон энэ хоёр зээлийн хэмжээ хэд байгаа вэ. Мөн эдийн засгийн өсөлт бодит секторуудад хэзээ нөлөөлөх вэ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:
-2012 онд эдийн засгийн өсөлт 17 хувь давж дэлхийд гайхагдаж байсан. Манай эдийн засаг уул уурхайн салбараас хараат гэдгээ маш богино хугацаанд нотолсон. Дэлхийн эдийн засгийн хямрал болж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах, хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засгийн хумилт явагдсантай холбогдуулан манай эдийн засгийн өсөлт буурсан ч эргээд сэргэж эхэлсэн. Эдийн засаг циклээр явагддаг. ОУВС-ийн хуралд дөрөвдүгээр сард оролцоод ирсэн. Хурал дээр яригдсан асуудал нь тэнгэрийн хаяанд борооны хар үүл хуримтлагдаад эхэлсэн байгаа шүү. Улс орон бүр өөр өөрийн хэмжээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцтэй байх ёстой, эдийн засгийн өнөөгийн сууриа хадгалах ёстойг сануулсан. Бид энэхүү сануулгыг байнга бодох хэрэгтэй. Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хүү жилийн зургаан хувь орчим. Юанийн ханш нэлээд чангарч байна. Үүнтэй харьцуулахад нэлээд өндөр өртөгтэй зээл болж хувирч байгаа. Эдийн засгийн өсөлт айл өрх бүрийн амьдралд, ажлын байранд мэдрэгдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 2017 оны өдийд манай улсыг депольтод оруулах дөрвөн том эрсдэлийн өмнө байсан. Өнөөдөр энэ аюулыг бид давж гарсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Мэдээллийг харахад ингэнэ, тэгнэ гэсэн дандаа хэмнэлтийн бодлого барьж байна л даа. Амаргүй хүнд цагт бэлдэж байгаа бололтой. Гэтэл өнөөдөртөө бид амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагууд яах болж байна. Бүгд Солонгост очиж ажиллах юм уу. Ирээдүйд Монголбанкны ерөнхийлөгчийн хэмнэлтийн бодлогын үр дүнд бид баталгаатай амьдрах бололтой. Бизнес эрхлэгчдийн борлуулалт яагаад өсөхгүй байна вэ. Төсвийн сахилга баттай болгох зорилт тавьсан нь зөв, дэмжиж байна. Гэхдээ энэ дунд эдийн засгийн чөлөөт бодлого ярьдаг хүн байх хэрэгтэй. Дандаа ирээдүй цагаа харж яриад байж болохгүй биз дээ.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:
-Бид эдийн засгийн маш хүнд нөхцөлийг дөнгөж даван туулаад байна. Цаашид эдийн засгийн өсөлтийг хангах, өсөлтийг айл өрх бүрийн амьдралд нөлөөлүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:
-Ажлын хэсэг дүгнэлтийг бодитой гаргах гэж оролдсон. Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг цаашид хяналт тавих ажил нь сул байгаа юм. Гарсан дүгнэлтэд тулгуурлан тодорхой хугацаанд үр дүнг нь шалгахад анхаармаар байна. Мөн өр, зээл гэж яриад л байдаг. Энэ хоёр үгний ялгааг тайлбарлаж өгөөч.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:
-Өр, зээл хоёр ялгаатай. Зээл гэдэг нь хоёр хуулийн этгээдийн хооронд тодорхой хүүтэйгээр гэрээ байгуулаад өгч буй санхүүгийн харилцааг зээл гэнэ. Зээлийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд өр болж хувирдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Монголбанк сайн ажиллаж байгаа гэдгийг сайн мэдэж байгаа. Гэхдээ хэдэн асуудал байна. Эдийн засгийг тэлэх чиглэлд цаашид ямар бодлого баримтлах вэ. Эдийн засаг нь мөнгөгүй, цусны эргэлтгүй болчихлоо. Хумьж, цуглуулж авартаа хийсээр байгаад бүх хувийн секторууд үндсэндээ босч чадахгүй байна. Удахгүй эдийн засгийн өсөлт айл өрх бүрт мэдэгдэнэ гэлээ. Мөнгө хязгаарлах бодлогыг барих тусам банк бус санхүүгийн байгууллага, ломбардны өндөр хүү ард түмнийг сөхрүүллээ. Цаашлаад хадгаламжийн өндөр хүү амлаж арилжааны банкинд хадгалсан зээлийг нь татаж авч байна. Мөн ипотекийн зээлийг хөдөө орон нутагт олгохгүй байна. Үүн дээр нь арилжааны банкууд дөрөөлж арилжааны зээлээр байрны зээл өгч байна. Банкуудыг дахин хөрөнгөжүүлнэ гэдгийг юу гэж ойлгох вэ. Гадуур банкуудад мөнгө өгөх нь гэсэн мэдээлэл гараад байна шүү дээ. 2012-2016 онуудад эдийн засаг хүнд байхад Монголбанкны өмнөх ерөнхийлөгч зөв бодлого чиглэлийг авч хэрэгжүүлсэн гэж би хувьдаа боддог. Үүний үр дүн гарсан шүү. Цаашид дандаа хадгалж хумиад авдарт хийгээд байх юм уу. Эдийн засгаа яаж тэлэх юм бэ. Бид гурван тэрбум ам.долларын нөөцтэй гэж яриад байдаг. Үүнийгээ авдарт хадгалсан хэвээр л байх юм уу.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН:
-Гурван тэрбум ам.долларын нөөцийг их мөнгө гэж зарим хүн бодоод байх шиг байна. Энэ их мөнгө биш ээ. Манай улсын хувьд 20-30 тэрбум ам.долларын нөөцтэй байж улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолоо баталгаажуулна. Гурван тэрбум ам.долларыг их мөнгө гэж бодоод хэрэггүй. Б.Дэлгэрсайхан гишүүн бизнес хийж байсан хүн сайн мэдэж байгаа шүү дээ. Дэлхий жишгээр аваад үзвэл, гурван тэрбум ам.доллар бол дунд зэргийн компанийн дансанд нь хэвтэж л байдаг мөнгө шүү дээ.
Ингээд тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа тогтоолын төслийг дэмжих эсэхэд санал хураахад тус байнгын хорооны гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.