Зарим аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль ирэх зургадугаар сарын 24-нд болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2018.05.31/ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг аж. Ингэхдээ хуульд заасан нөхцөл байдал үүссэн буюу ИТХ-ын зарим төлөөлөгч нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгааны улмаас нөхөн болон дахин сонгууль явуулдаг.
Энэ удаагийн сонгуульд нийт 23477 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдэж, тэдний саналыг авахаар 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт санал авах байр байгуулагджээ. Нийт 83 нэр дэвшигч бүртгэгдэж саналын хуудсанд бичигдсэн байна.
Нөхөн болон дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг ирэх зургадугаар сарын 2-нд нэгэн зэрэг олгох юм.
Санал авах ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан мэдээллээ.
Мөн энэ үеэр Сонгуулийн нэгдсэн хуулийг задалж, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болгон өөрчлөхөөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай саналаа УИХ-д мөн хүргүүлсэн юм байна.
НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ БОЛОХ 11 АЙМАГ:
Баян-Өлгий
Булган
Дундговь
Завхан
Сэлэнгэ
Өмнөговь
Төв
Увс
Ховд
Хөвсгөл
Хэнтий
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.