Дуучин Эгшиглэн, Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригджээ

2018-05-29 Мэдээ, мэдээлэл

Манай улсын олны танил эрхмүүд байсхийгээд л хар тамхины хэрэгт нэр холбогдлоо гэсэн мэдээлэл хөврөх болов. Энэ удаад дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэднийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч нар баривчлан, шалгалтын ажиллагаа хийж байгаа аж. Ямартай ч тэднийг одоогийн байдлаар хорьж бариагүй байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, С.Чулуунбаяр нь 2016 онд хар тамхины хэрэгт холбогдож ял эдэлж байсан юм. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сард хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийн алба хаагчдад баригдсан байдаг.

Мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тэд энэ удаад өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ.

Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван иргэн 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон ч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байсан юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.