Хүүхдийн баярын бэлэгний ХАДГАЛАХ ХУГАЦААНД анхаарахыг сануулав

2018-05-28 Нийгэм

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд НМХГ-аас 110 аж ахуйн нэгж, 73 иргэний худалдаалж буй хүүхдийн бэлгэнд багцалсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын Улсын байцаагч Х.Чимгээгээс зарим зүйлийг тодруулав.

-Тун удахгүй хүүхдийн баяр болно. Энэ хүрээнд танай байгууллагаас шалгалт хийсэн мэдээтэй. Шалгалтын талаар тодруулна уу?

-Шалгалтанд давхардсан тоогоор 219 зөрчил илрүүлсэн. Тиймээс 164 буюу 74.8 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авсан. Шалгалтын явцад хадгалах хугацаа дууссан, хаяг, шошгын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боосон зөрчил илэрсэн. Аж ахуйн нэгжүүдэд хаяг, шошгоны шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татах, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн. Харин хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд орууллаа.

Хүнсний бүтээгдэхүүний зөрчлөөс үүдэн хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирвал худалдаалсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хаяг, шошгын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж буцаан таталт хийлгэдэг. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Холбогдох хуулийн талаар тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дэх хэсэгт Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 3 сая төгрөгөөр торгохоор заасан байдаг.

-Хүүхдийн баяраар танай байгууллага ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-НМХГ-ын 150 улсын байцаагч Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, хүнсний аюулгүй байдалд хяналт тавиy ажиллах болно.

Р.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.