Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг. Эдүгээ 19 дэх жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлж буй бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурлаар нээлтээ хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Татварын Ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Баясгалан, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрах, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир нар Татварын албаны үйл ажиллагаа болон энэ сарын 07-11-ний өдрүүдэд тэмдэглэх “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг гурван үндсэн чиглэлээр явуулахаар төлөвлөөд байна. Үүнд,
1. Цахим талархал
-Татварын ерөнхий газар энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр талархал илгээж байна. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, ААН, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татвараа олон нийтэд түгээх боломжтой юм.
2. Сургалт
-Татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар бэлтгээд байна. Тухайлбал, орон даяар ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр Татварын улсын ахлах байцаагч нар очиж, “Би-Ирээдүйн татвар төлөгч” сэдэвт нээлттэй хичээлийг заана. Энэхүү хичээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн хэмжээнд 38 их, дээд сургууль, 100 гаруй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заахаар төлөвлөөд байна. Мөн ирээдүйн татвар төлөгчдийг идэвхтэй оролцуулах үүднээс “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна.
3. Зөвлөгөө, үйлчилгээ
– “Татварын тайлангаа хэрхэн илгээх вэ?”, “Татвар төлөгч танд асуулт байна уу?”, “Татварын үйлчилгээний талаархи шинэчилсэн мэдээлэл” зэрэг сэдвээр татвар төлөгч иргэн, ААН, байгууллагууд дээр нь очиж сургалт явуулна. Түүнчлэн Татварын албаны ахмадууд “Ebarimt-аа хэрхэн бүртгүүлэх вэ?” сэдэвт сургалтыг сум, дүүргийн Хорооны байранд зохион байгуулж, тухайн орон нутгийнхаа ахмадуудыг сургалтад хамруулна. Үүнээс гадна, Татварын алба, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтран зах, худалдааны төвүүдээр “Татвар төлөгч танд зөвлөе” уриан дор бизнес эрхлэгчдэд ажлын байран дахь зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулж, татвар төлөгчиддөө хүрч үйлчлэхийн зэрэгцээ НӨАТ-ын и-баримт олгож байгаа ААН, байгууллагуудыг сурталчлах зорилгоор стикер нааж байна.
Энэ дашрамд, НӨАТ-ын баримтын талаар мэдээлэл өгөхөд он гарсаар нийт 108,483,246 баримт хэвлэгдэж, үүнээс 71,965,001 нь баталгаажжээ. Дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон юм. Харин супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд журмаараа дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авах учиртай. Энэхүү супер шагналын эзнээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар тодроод байгаа юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.