УИХ-ын баасан гаригийн ээлжит хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлсээр байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эдийн засгийн өсөлт иргэдийн амьдрал дээр бодит өсөлт болж байна уу гэдгээр л дүгнэвэл зүгээр байна гэдгийг онцолсон. Уг асуудалд нэр бүхий гишүүд санал нэг байгаагааг хэлж байсан юм. Тэрбээр “2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 50 хувьд хүрсэн, амжилттай хэрэгжиж байгаа салбарууд байхад зарим салбарт 10 хувьтай байгаа зүйл байна. Тэгэхээр нэгэнт зорилт, хариуцах эзэн, хугацаа тодорхой байгаа нөхцөлд цонхны шилний цаанаас чихэр долоолгосоор 2020 оны сонгуультай золгочих вий дээ. Боловсрол, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын асуудал маш удаашралтай байна. Цаашид энэ тал дээр анхаарч ажиллах, томоохон төслүүдээ хөдөлгөх, одоо хэрэгжээд явж байгаа ажлууд руугаа эрчимтэй орохгүй бол хагас жил орчим явлаа, энэ Засгийн газар. 20*100 хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ” гэдгийг тодруулав.
Мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “ДНБ-ний нэг хүнд оногдсон хэмжээ 3500 ам.доллар байна. Энэ бол эдийн засгийн нийт орлого л доо. Энэ нь иргэддээ хүртээмжгүй байсаар ирсэн. Тиймээс иргэддээ хүртээмжтэй болгохын тулд юу хийж, ажиллаж байна вэ. Мөн сүүлийн хоёр жилд төсвийн орлого давж биелэгдэж байна. Энэ мөнгийг харахад цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж харагдаад байна. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жил гадаад валютын өсөлтөөс болж төгрөг суларсан. Иргэдийн худалдан авах чадвар унасан ийм цаг үед цалин нэмэх ёстой. Тэр давсан орлого хаашаа орж байна вэ. Түүнээс гадна иргэдээс хадгаламжийн татвар авч байгаа нь буруу гэсэн шүүмжлэл ирж байна. Хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө гээд тэр мөнгөөр нь хадгаламж нээхэд түүнээс нь татвар аваад байна. Хадгаламжийн хүүгээс татвар авахыг болих уу. Засгийн газраас бодлого шийдвэр оруулж ирэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй оруулж ирмээр байна” гэсэн юм.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн сайд Батзориг “Аж ахуй нэгж иргэдээ дэмжиж байж бид эдийн засгаа тогтворжуулна. Тэгэхээр зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах нь маш чухал. Манай салбар бодлогын дэмжлэг, татаасгүйгээр явахад хэцүү. 2017 онд улаанбуудайн урамшуулал олгоход газар тариалангийн салбарын сэргэлт нэмэгдсэн. Яг үүнтэй адил манай салбарт тодорхой дэмжлэг хэрэгтэй. 21*100 хөтөлбөрийг ажил үргэлжилж байна. Аймаг орон нутгийн санаачилга маш чухал. Орон нутагт ажлын байр бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна” хэмээн тодотгов.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсэнээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.
О.ГЭРЭЛ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.