Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид тус газарт ажиллаж эхэллээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажиллах юм. Ингэхдээ Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах асуудлаар хэлэлцэнэ. Мөн олон улсын шинжээч Дмитро Котляр Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцоно.
Түүнчлэн зөвлөх Бентон Жонаттан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нартай дугуй ширээний уулзалт хийж гадаад улс руу эрх зүйн харилцан туслалцааны хүсэлт явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийн талаар ярилцах юм. Ажлын айлчлалын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж болон тус газрын хэлтсийн дарга нар StAR байгууллагын төлөөлөгчидтэй уулзах бөгөөд тэр үеэр хоёр байгууллагын хооронд ирэх 12-18 сарын хугацаанд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцох юм байна.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга (StAR)-тай 2013 оноос хамтран ажиллаж байгаа билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.