Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар мэдээлэл хийлээ. “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэсэн мэдээлэл өчигдөр сошиал мэдээллийн орчинд тарж эхэлсэн. Бид анхааралтай ажиглаж байсан. Өнөөдөр өглөө нэр бүхий сайтууд болон зарим өдөр тутмын сонинуудад энэ талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагаас олон нийтэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Ц.Нямдорж сайд мөн л мэдээлэлд тайлбар, няцаалт өглөө. Энд сэтгүүлчдийн асуудал яригдаж байгаа учраас МСНЭ-ийн зүгээс албан ёсны тайлбар мэдээлэл хийхийг хүслээ. ТV9 телевизийн Хүслэнбаатар гэдэг сэтгүүлч, түүний найз нөхөд сэтгүүлчид, мөн гэр бүлийнхэн гэсэн 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэсэн асуудал байгаа.
Бид энэ талаар тус телевизийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Баасансүрэн гуайтай холбогдсон. Гэтэл манайд Хүслэнбаатар гэдэг нэртэй сэтгүүлч байхгүй гэсэн мэдээлэл өглөө. Мөн мэдээлэлд нэр дурдагдсан TV9 телевизийн зарим сэтгүүлчтэй холбогдсон. Гэтэл бидэнд ч ямар нэг мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгч байна. МСНЭ-ээс нэг зүйлийн хариуцлагатайгаар мэдэгдье. Нэгдүгээрт хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Хоёрдугаарт энэ асуудлыг маш сайн судалж, тодруулахгүйгээр дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Маргааш бид TV9 телевизийн удирдлага болон редакцийн хамт олонтой албан ёсны уулзалт хийхээр болсон. Мөн өнөөдөр прокурорын байгууллага, Хууль зүйн яам, ЦЕГ-аас албан ёсны лавлагаа мэдээлэл хүссэн бичиг явуулсан. Сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд салбарын төв байгууллагадаа бичгээр биш юмаа гэхэд ирж уулзаад албан ёсоор ямар асуудал байгаагаа мэдэгдэх хэрэгтэй. Манай байгууллага сэтгүүлчийн эрх ашгийн төлөө явах үүрэгтэй байгууллага. Нэр бүхий сэтгүүлч яллагдагчаар татагдсан асуудлаар өнөөдөр яригдлаа. Гэтэл тэр сэтгүүлч МСНЭ-д одоог хүртэл хандаагүй байна. Тухайн сэтгүүлчтэй ярилцсан. Тууштай хөөцөлдөж, асуудлыг нь авч хэлэлцэнэ. МСНЭ бүтэн цагийн өмгөөлөгчтэй болсон. Тиймээс сэтгүүлчид маань өмгөөлөгчдөө хандаж, аливаа асуудлаа шийдүүлэх боломжтой.Өнөөдрийн байдлаар Зөрчлийн хуулиар 39 сэтгүүлчид 98 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн мэдээлэл бидэнд байна. Тиймээс энэ талаар хамтдаа дүгнэх, хэлэлцэх цаг болжээ. Тавдугаар сарын 03-ны 15 цагт Нийслэлийн иргэний танхим дээр сэтгүүлчид ял шийтгэл хүлээж байгаа, Зөрчлийн хуулиар торгуулж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт сэтгүүлч та бүхнийг албан ёсоор урьж байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.