Нэр дэвшигч Н.Тэгшбаяр: Таван минутанд сурталчилгаа хийж амжихгүй

2017-03-28 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан  намын дотоод сонгууль буюу Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль ирэх сарын 02-нд болно. Одоогоор нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өрнөж буй юм. Гэвч тус намын сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд сурталчилгаагаа таван минутад багтаах шаардлага тавьсан байна. Ингэснээр нэр дэвшигчид өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулах боломжийг хязгаарлаж байна хэмээн ҮБХ-ны сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшигч Н.Тэгшбаяр хэллээ.

Тэрбээр, “Нэр дэвшигч өөрийгөө, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулж чадахгүй бол АН-ын гишүүд зөв сонголт хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, гишүүдийн сонгох эрх зөрчигдөж байгаа юм” гэв.

ҮБХ-ны 13 дугаар тойрог болон Дорноговь аймгийн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Гантулга, “Би ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхдөө гурван  сая төгрөгийн татвар, гурван сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлж байгаа. Мөн аймгийн АН-ын даргад нэр дэвшихийн тулд 15 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлсөн. Гэтэл нэр дэвшихдээ амлалт өгсөн гэсэн шалтгаанаар миний нэрийг эгүүлэн татсан тухай мэдэгдлийг өчигдөр ирүүлсэн. Би ямар ч гишүүн эсхүл хувь хүнд амлалт өгөөгүй. Манай аймгийн АН-д нэг ч машин байдаггүй. Тиймээс би намдаа автомашин авч өгнө гэдгээ хэлсэн. Энэ бол хувь хүнд чиглэсэн амлалт биш” гэлээ.

Тэд АН-ын нийт гишүүдээс сонгогдсон С.Эрдэнэ шударга байж, нэр дэвшигч болон сонгогчдийн эрхийг хамгаалж чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй хэмээсэн юм.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.