1911 оны хувьсгал, 1921 оны хувьсгал, 1932 оны иргэний дайн, 1937 оны их хядлага, 1939, 45 оны дайн, 1940-өөд оны хөрөнгө хураалт буюу хамтралжуулалт, 1950-аад оны нэгдэлжих хөдөлгөөн.., гээд ХХ зууны эхний хагас бол монголчуудын хувьд асар их үймээн самуунтай үе байв. Монголчууд төдийгүй дэлхий дахинд иймэрхүү хандлага зонхилж байсан нь манайд нөлөөлсөн хэрэг. Дэлхийн II дайн дууссанаар энх цагийн бүтээн байгуулалт эхэлж, тайван цаг иржээ. Манайхан ч 1959 онд “ардын аж ахуйтны 99,9 хувь нь сайн дураараа нэгдэлд оров” гэж дүгнэж нийтээрээ ядуу болж аваад дараагийн ажилдаа буюу “Соёлын довтолгоо”-нд шилжсэн буй. Энэ нь сайн ба муу хоёр талтай байсан ба муу нь мэдээж өмчгүй болсон явдал. Харин сайн нь малгүй болсон ардууд бөөнөөрөө хотод ирж зам тавих, байшин барих болсноор шинэ ажиллах хүчин бий болж, монголд огт байгаагүй хот гэдэг шинэ юм үүсэж эхэлжээ. Энэ бол киноны зах зээлийн үүсэл бөгөөд суурин соёл нэвтрээгүй цагт киноны тухай ярих боломжгүй.
1960-аад онд ЗХУ болон Европын социалист орнууд хөгжингүй социализм байгуулах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан үзэл баримтлалын хувьд ихээхэн дэврэнгүй үе байлаа. Манайд ч «1961 онд хуралдсан МАХН-ын ХIY их хурал тус улсад социалист нийгмийг байгуулж дуусгах шинэ үед шилжин орсныг тодорхойлон заасан байна». (Очир.А. Далай.Ч. нар “Монгол улсын түүх” Тавдугаар боть. УБ. 2004. 297) Ингэснээр социалист хүн оройн цагаар кино үзэх хэрэгтэй болжээ. Эртний Грек, Ромд чинээлэг дундаж давхарга бий болсноор тэдний цагийг зугаатай өнгөрөөхийн тулд эмгэнэлт жүжгийн тэмцээн зохиох болсон гэдэг шиг. Энэ үеэс л жинхэнэ утгаар нь кино хийж эхэлжээ. Гэвч социалист үеийн кино гэдэг нь үзэл суртлаар (социализмын хар PR-аар) массын тархийг угаах ганц зорилгод үйлчилж байсан ба ямар нэгэн зах зээлийн харилцаа, эрэлт нийлүүлэлт гэж байхгүй учир мөн үед монгол хүн бие даан кино хийж байгаагүй гэсэн үг. Тодруулбал Оросын дэмжлэгээр кино хийнэ, сүүлхэн үедээ төрийн дэмжлэгээр кино хийнэ, монгол хүн өөрөө бие даан кино хийгээд борлуулж байсан түүх үгүй. Тиймээс манай киног “Социализмын үеийн кино”, “Постсоциализмын үеийн кино” гээд ерөнхийд нь хоёр хуваах боломжтой. Өөрөөр хэлбэл БНМАУ-ын үеийн кино, Монгол улсын үеийн кино л юм.
Постсоциализмын үе бол өөр. Жирийн иргэн бие дааж кино хийгээд зах зээлд борлуулж эхэлсэн нь хориодхон жилийн л түүхтэй. Тиймээс социалист хамтын нөхөрлөлийн орнуудын дэмжлэг, ЗХУ-ын тусламж, БНМАУ-ын төвлөрсөн төсөв, Улс төрийн товчоо болон МАХН-ын төв хорооны шийдвэр, Соёлын яам, “Монгол кино” үйлдвэрийн материаллаг бааз.., гээд асар том механизм бүхий бүхэл бүтэн тогтолцоотой, өнөөдрийн камер барьсан банди нарыг жишин харьцуулж ярих нь угаасаа утгагүй л дээ. Гэвч тийм л цаг үе ирээд буй. Яг үнэндээ кино урлагт нэгдүгээрт зах зээл, хоёрдугаарт киноны чанарын асуудал тавигддаг бололтой. 1990 оны хувьсгалаас хойш 20 гаруй жил өнгөрч байж бид сая кино театртай болов. Гуравхан сая хүн амтай, (түүнээс кино үздэг нь хэд ч юм) гурав, дөрөвхөн кино театртай манайх шиг улсад киног зах зээлийн харилцаанд даатгаж хаях нь угаасаа боломжгүй зүйл. Гэвч яая гэхэв, манай үндсэн онцлог ядуу юм чинь, тэр онцлогтоо тохируулаад л явна гэсэн үг. Энд нэг л давуу тал бий. Тэр бол бүгдээрээ нэг газар (Улаанбаатар гэдэг байхаа) бөөгнөн суудаг. Тиймээс хяналт тавихад амар бөгөөд энд л сайн үзүүлж чадвал ашгаа хийнэ, ашгаа ч юу байхав, дараагийн кино хийх мөнгөө олно. Жүжигчдэд бүр амар бөгөөд “Улаанбаатарт од” болчихвол “Монголын од” гэсэн үг. Учир нь найруулагчид мөнгө хэрэгтэй байдаг шиг жүжигчинд нэр хүнд хэрэгтэй, жүжигчин нэр хүндээрээ л мөнгө олдог. Тиймээс манайхан сонирхлын бүлгээрээ (гэр бүлээрээ, найзуудаараа ангиараа, нутгаараа гэх мэтээр) нэгдээд л кино хийж байна. Буруу нь юу байх вэ? Угаасаа ихэнх том корпорациуд гэр бүлийн бизнесээс эхтэй байдаг хойно.
“Шороон үеийнхэн”-ий сүүлийн бүтээл “Амьдрал”. Даогийн шашныг үндэслэгч Жуанзы (МЭӨ YI) нэгэн удаа эрвээхэй боллоо гэж зүүдэлжээ. Шавь нар нь багш “Юу зүүдлэв” гэхэд, Жуанзы богд “Би эрвээхэй болж зүүдэллээ. Нисээд л байлаа. Нисээд л байлаа. Жинхэнэ жаргалыг эдэллээ” гэж. Тэгснээ удтал бодлогоширон суугаад эцэст нь “Би нэг л зүйл ойлгосонгүй. Би эрвээхэй болов уу, эрвээхэй Жуанзы болов уу. Эрвээхэй намайг зүүдэлсэн байж магадгүй” хэмээн хэлсэн гэдэг. Түүнээс хойш “Жуанзы ба эрвээхэй” гэсэн парадокс дэлхийн философи, соёл, шашин, утга зохиолд бий болжээ. Өөрөөр хэлбэл хүн бодит байдлыг танин мэдэхдээ шууд хүлээж авах уу, эсвэл нөгөө талаас нь хүлээн авч таних уу гэдэг асуудал тавигдсан. Зүүд, эрвээхэйн тухай энэхүү ойлголт нь Даогийн шашны мөн чанар, “Мөнх наслахуйн” бэлгэдэл болжээ. Даогийнхан “Үхэл бол мөнх амьдралын заавал туулах ёстой шат” гэсэн гаргалгаанд хүрсэн юм. Тиймээс эртний Хятадын философиос үүдэлтэйгээр “Эрвээхэй бол мөнх насны бэлгэ тэмдэг” болжээ. “Амьдрал”-ыг таньж амжаагүй Хулан охин барималч, даяанчийн овоохойд очиж аргын талын гартаа эрхээхэй шивүүлэн одно.
Неофройдизмыг үндэслэгчдийн нэг Герман-Америкийн философич Эрих Фромм (1900-1980) З.Фройд (1856-1939)-ын үзлийг шинэчлэн хөгжүүлж энэрэнгүй шинжтэй үзлийг бий болгосон нь түүний “Эрх чөлөөнөөс дайжихуй” (1941) , “Психоанализ ба этик” (1947), “Хайрлах урлаг” (1956) гээд олон бүтээлүүдэд туссан буй. «…Хүн хэдийгээр байгалийн нэгэн хэсэг ч гэлээ түүн үрүүгээ яагаад ч гэсэн буцаж очих чадваргүй болсон. Угтаа хүн өөрөө байгалиас гаралтай шүү дээ. Библийн домгоор хүн диваажингаас буюу анх байгальтай нэгэнлэг байсан төлөвөөсөө нэгэнт хөөгдсөн тул диваажин уруугаа буцаж очих гэвэл тэнгэрийн элч галт сэлэм далайж, түүний замыг хаадаг. Тэгэхээр хүн урагш ахья гэвэл өөрийнхөө ухамсрыг хөгжүүлэх ганц зам үлджээ. Нэгэнт хүн болохын өмнөх тэр үеийн хармонигоо дахин олж авч чадахгүйгээр алдсан тул одоо шинэ, хүмүүнлэг хармонитой болцгоох хэрэгтэй…» (Э.Фромм. Хайрлах урлаг. Орч. А.Баярцэцэг, Г.Баянаа нар. УБ. 2015. Х9) гэсэн байдаг нь хүний байгалиас салсан тухайд юм. Хүн байгалиас салж өөрийн үйлдэл бүрийг өөрөө хариуцах болсон нь хүнийг адгууснаас ялгаруулж хүний мөн чанарыг тогтоож өгсөн. Эндээс соёл гэдэг ойлголт ч үүснэ.
Угтаа ямар ч хариуцлага үүрэхгүй дур зоргоороо, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Амьдрал” кинонд үзүүлснээр бол Хулан охин аавдаа худал хэлж мөнгө аваад, хичээлээ таслан, тамхи татах, архидах, хар тамхинд мансуурах зэргээр өөрсдийнхөөрөө эрх чөлөөгөө эдэлж буй дүрслэл нь хүмүүн бус, адгуусны амьдрал. Харин хариуцлага бол хүнийг хүн болгодог. Өгүүлэн буй тохиолдолд Хулан яаж хүн болов, гэхээр хүүхэдтэй болсноор хариуцлага мэдэрч хүн болох аж. Гэтэл Хулан бүсгүйн хүү Сонор эрвээхэй хөөн алга болно. Тэрхүү эрвээхэй бол ээжээс нь өвлөж ирсэн дэвтрийн завсар байсан, бас Хулангийн гартаа шивүүлсэн тэр л эрвээхэй, буюу мөнх амьдралын бэлгэдэл. Сонор хүү мөнх амьдралын нэгэн шат болох үхлийг дамжин дараагийн амьдралд шилжихээр одов. Учир нь Сонор гэх тэрхүү цэвэр ариун хүүд энэ амьдралд үлдэх орон зай байхгүй. Өвөө нь эмээг нь нэгэн удаа ашиглаад асрамжийн газарт хаясан, өөрийнх нь эцэг ээжийг жирэмсэн болгоод орхисон, ээж нь огт хайргүй хүнийхээ эхнэр болж, өөрийг нь гэрийн үйлчлэгчид даатгаад адгуусныхаа замаар одсон учир Сонорт өвөө шигээ садист болох, ээж шигээ мазохист болох эсвэл эрвээхэйн хойноос одохоос өөр зам үлдсэнгүй тул, Сонор гурав дахь замыг сонгожээ. Хулан үлдэв.
Э.Фромм “Хүний анхны нүгэл буюу диваажингийн цэцэрлэгээс хөөгдсөн явдал нь түүхийг эхлүүлсэн” гэжээ. Учир нь Адам, Ева хоёр бүх зүйлд хүнсэхийн тулд буюу хүн бүхнийг хийдэг болохын тулд диваажингийн цэцэрлэгээс явжээ. Тийнхүү диваажингийн цэцэрлэгээс яваад буюу хүн байгалиас чөлөөлөгдөөд л жинхэнэ хүн болон төрдөг гэдэг нь Э.Фроммын үзэл. Харин хүн болмогцоо бусдыг эрхшээх садист, бусдын эрхшээлд орох мазохист хоёр зам л хүний өмнө тулгардаг. Гэхдээ энэ нь «өвчтэй» сэтгэхүйд зориулагдсан сонголт. Эрүүл сэтгэхүй гэдэг нь хайр юм. Кинон дээр “Чи юугаар дутлаа гэж ингэж байгаа юм” гэдэг асуултанд: Хулан “Хайр” гэж шууд хариулах аж. Зохиогч Т.Номуунзул, найруулагч Ж.Сэнгэдорж нарын жишээг үзвэл Хулан хүүхэн өвчилсөн (нийгмээс өвчлүүлсэн) сэтгэхүйтэй, учир мэдээж мөнөөхөн хоёр сонголтын өмнө тулж ирлээ. Хулан хоёрдахь буюу мазохист замыг сонгох аж. Тэр нь хэдэн зуун өртөө газрыг сунаж мөргөн туулж, өөрийн биеийг зовоон, өвтгөж түүнээсээ мазохист байдлаар таашаал хүртэн, ертөнцөөс ангижрах, тэгээд хайрыг мэдрэх зам.
“Амьдрал” кинонд Хулангийн ааваар нь амьдралын хар буюу адгууслаг талыг төлөөлүүлсэн бол ээжээр нь амьдралын гэрэл гэгээг төлөөлүүлсэн бөгөөд гэрэл гэгээ бол хайргүйгээр өрөөсгөл, хагас байдаг болохыг саажилттай тахир дутуу эмэгтэйд гүтгэн оноосон нь зохиогч Т.Номуунзулын бясалгал байгаа бол найруулагч сүүн бороогоор хайрыг илэрхийлжээ. Үхлийн тухай үзлийг Хулангийн “Үхэл аймаар гэж үү” гэсэн асуултаар нээсэн нь киноны цаад философи болох, үхэл бол мөнх амьдралын нэгэн шат гэдэг номлолын тусгал аж. Мазохист зам дуусахад хайр ирж буйг нь Сонор хүүгийн эцгээр төлөөлүүлж, Дүвханы хийдийн босгон дээрээс Хулан бүсгүй жинхэнэ хүн болоод эргэж буйг “Оллоо” гэдэг үгэнд хураасан нь киноны төгсгөл. Кинонд байгаа нэгэн кадрт эрвээхэйс нисэлдэн хаалга онгойж гэрэлд хүрч буй шиг Дүвханы хийдийн хаалга онгойн Хулан гэрэлд хүрнэ, тэрхүү гэрэл бол хайр. (Эрвээхэй гэрэл үрүү тэмүүлсээр шатаж үхдэг үзэгдлээр гэрэлд тэмүүлэх, “нар уруу тэмүүлэх” гэдэг ойлголтыг төлөөлүүлдэг)
Мөн кинонд нэг л асуудал байна. Тэр нь Павел Чухрайн “Верагийн жолооч” (2004) киноны сюжет. Доголон охинтой том дарга, саажилттай охинтой том сайд, жолооч, туслах нь охинтой дотно харилцаа тогтоох, хүүхэд төрөх.., энэ өгүүлэмжийг л өөрөөр шийдсэн бол… Гэвч хориодхон жилийн түүхтэй постсоциализмын үеийнхэн үүнээс илүү яахав дээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.