Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болгох, Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг эрчимжүүлэх, “Ноолуур” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлнэ
Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов.
Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах талаар судалж, саналаа танилцуулахыг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгалаа.
Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
Цаашид түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бүсчлэн хориглож, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжин, халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох юм.
Нийтийн тээврийн хэрэгсэл, таксийг хийн түлшинд шилжүүлэх, хийн болон цахилгаанаар ажилладаг автобус, троллейбус, таксийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжинэ. Мөн гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээ бий болгох, барилгын ажлыг нь эрчимжүүлэх, борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.
“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно
Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо.
Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна.
Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ.
Хэрвээ ноолуураа боловсруулж чадвал жилдээ 19,8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2,2-4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байна.
Товч мэдээ
– Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
– Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодод танилцуулахаар тогтов.
– Олон улсын санхүүгийн зах зээлээс Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн эх үүсвэр, төсөл, хөтөлбөрүүдэд олгосон санхүүжилт, түүний эргэн төлөлт, зээлийн үлдэгдлийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав.
– Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, нягтлан блодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.