Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар тус улсад хийж буй айлчлал өчигдөр эхэллээ. Айлчлалын эхний өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд авто зам, агаарын тээвэр болон БНХАУ, ОХУ, Монгол Улсын хамтран байгуулахаар хэлэлцэж буй төмөр замын коридорын асуудлыг хэлэлцжээ. Ли Сяопөн сайд уулзалтын эхэнд БНХАУ-ын “Зам ба бүс” хөтөлбөртэй Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн бодлого бүрэн нийцэж байгааг онцолсон байна. Мөн тэрээр 2011 онд байгуулсан Авто тээврийн хэлэлцээр одоогийн нөхцөлтэй нийцэхгүй байгаа учир хоёр улсын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулж, тус гэрээг яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг энэ үеэр илэрхийлжээ.
Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “БНХАУ-ын зам, тээврийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл зэргээс суралцаж, сургамж авах зүйл олон байна. Салбартаа тэргүүлж буй тус улсын хөгжлөөс хоцрохгүйн тулд хамтран ажиллаж, зарим зүйлд дэмжлэг, туслалцаа авах хүсэлтэй байна. Хамтын ажиллагааны хүрээнд яамнаас шалтгаалах ажлаа боломжоороо хурдан хийж гүйцэтгэх болно. Тиймээс БНХАУ-ын Тээврийн сайдын хувьд дараахь асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг уулзалтын үеэр Ли Сяопөн сайдаас хүсчээ. Үүнд:
- Тань Жин-Улаан-Үүдийн авто замыг сайжруулах, хурдны зам тавих
- Хоёр улс хоорондын төмөр замын шугамыг сайжруулах, тэлэх, ажиллах хүчийг нэмэгдүүлэх
- Баруун, зүүн, хойд чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн чиглэлийг өргөжүүлэх
- Нарийн сухайт, Шивээ хүрний чиглэлийн төмөр замын асуудал
- Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын асуудал багтжээ.
Мөн тэрээр “Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын тээвэрлэлт нь манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эхний ээлжид холболтын цэгийг нэмэх талд анхаарч өгнө үү. Мөн Зүүнбаянгаас Ханги мандал хүртэл төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв энэ чиглэлд төмөр замын холболттой болчихвол ӨМӨЗО-ны нутаг дээрх Бугатын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж буй Монголын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зай одоогийнхоос даруй 400 км-ээр дөт болох бөгөөд Замын-Үүд-Эрээний боомтын ачааллыг буурах юм” гэжээ. Түүнчлэн агаарын тээврийн хувьд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, бууж хөөрөх цаг олгоход анхаарахыг хүссэн байна. Мөн Улаанбаатар-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж буй “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн чиглэлийг өргөтгөж, Улаанбаатар-Улаан-Үүд-Манжуур-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавьжээ.
БНХАУ-ын тал Ж.Бат-Эрдэнэ сайдын танилцуулсан саналуудыг судлан үзээд бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дараа Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Далайн хэргийн газар хоорондын далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг болон МУ-ын Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, БНХАУ-ын Тээврийн яамны тээврийн үйлчилгээний газартай хэлэлцээ хийсэн тухай протоколд талууд тус тус гарын үсэг зуржээ.