Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болов.
Тус ёслолын ажиллагааг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг танилцуулга хийлээ. Ёслолын үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Соёмбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл н.Золбадрал, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нар оролцсон юм.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Барилга угсралтын тендерийн материалыг цахимаар авдаг боллоо
“Энэ ажил нь манай барилгын салбарт хийгдэж буй шинэчлэл юм. Барилгын тусгай зөвшөөрлийн талаар иргэдийн дунд янз бүрийн мэдээлэл байдаг. Тиймээс цахим хэлбэрт шилжсэнээр төрийн үйлчилгээ хүртээмжтэй, шударга, нээлттэй болно. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цаасан хэлбэрээр авч, олон шат дамжлага дамждаг байсан. Харин одоо бүх зүйл цахимаар шударга хийгдэнэ” хэмээлээ.
Тус цахим программын ач холбогдол нь олон шат дамжлага дамжиж хүний гараар шалгадаг байсан ажлын ачааллыг багасгаж, инженер, техникийн ажилчдын давхцалыг арилгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх төрийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх томоохон алхам нээгдэж байгаад оршино.
Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны хур системд холбогдож, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэдээлэлтэй тулгалт хийж шалгах боломжтой болж байгаа юм.
Тус системд Барилга, хот байгуулалтын яамны цахим хаягаар бүртгүүлэх аж. http://www.barilga.gov.mn/?page=home&module=slide
Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Батзориг:
“Нэгдсэн цахим программын сүлжээнд орсноор аж ахуйн нэгж байгууллагууд цаас бүрдүүлдэг үе өнгөрч байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын цахимаар хүссэн тусгай зөвшөөрлийн хүсэлт нь ямар шатанд явж байгааг хянах боломжтой болж байгаа юм.
Мөн манай программд төрийн мэдээллийн “Хур” систем орсон байгаа. Хур системээр тухайн ажилтан, албан хаагчдын диплом хуурамч, жинхэнэ эсэх, мөн ямар компанид ажилладаг гэх мэт мэдээллийг авах боломжтой юм.
Программыг ашиглахын тулд эхлээд аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлнэ, хоёрдугаарт тухайн байгууллагын инженер техникийн баг мэдээллээ системд оруулна, гуравдугаарт тухайн хүссэн хүсэлтийг нь бид харна. Өмнө нь ажилтны диплом, үнэмлэх зэргийг канондох, нотариатаар батлуулах зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг байсан бол одоо энэ бүгд нь алга болж байгаа юм” гэв.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын нэгдсэн мэдээллийн сан бүрдэх, салбарын бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл, тайлан, мэдээ гаргах нөхцөл бүрдэх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд тавих хяналт, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, нээлттэй ил тод байдал сайжирна гэж салбарын хүмүүс ихэд онцоллоо.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.