Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.17) хуралдаан 10 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу “банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт” гэсэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тодорхой болгож түүний шалгуурыг тусгах, мөн төслийн 36 дэх хэсгийн 36.1.2, 36.1.4хэсгийг нэгтгэн “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” хэмээн өөрчлөн найруулахаар саналыг томъёоллыг бэлтгэжээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж өөрчлөн найруулах, “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн болохыг танилцуулав. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар тодруулга хийж хариулт авсан юм. Дараа нь Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн агуулгаараа банкны хараат болон охин компанитай холбоотой заалтууд тусгагдсан байгаа. Иймд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусган дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан аж. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргав. Байнгын хорооны даргын гаргасан уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаас баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дуусч, иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгаламжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагаар Улсын Их Хурлаас 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд банкууд нэгдэх, нийлэх, эвсэх, эсхүл хөрөнгийг нь шилжлүүлэх зэрэг Монголбанкнаас албадан татан буулгахаас бусад банкны шилжүүлгийн арга хэмжээний үед банкны актив, пассив хоорондын зөрүүг нөхөх зорилгоор шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлж болох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. Хадгаламжийн даатгалын корпорацийн бие даасан байдлыг сайжруулах талаар болон насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч, өвлөгдсөн хадгаламж тус бүр даатгалын нөхөн төлбөр авах өдрийг хурдасгах талаар болон хадгаламжийн даатгалын хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд-тэтгэвэр-нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн байна. Төсөл батлагдсанаар хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж, олон улсын зарчимд нийцэхийн сацуу иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ хэмээн тооцсон байна. Мөн банк, санхүүгийн салбарын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр бодлогын нөхцөлд биелэх чухал ач холбогдолтой аж. Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар ажлын хэсгээс асуулт асууж Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудаас хариулт авлаа. Хадгаламжийн даатгалын корпорацийн санхүүгийн системд үзүүлэх эдийн засгийн ач холбогдолыг нь нэмэгдүүлэх цаг нь болсон гэдгийг Б.Жавхлан гишүүн хэлээд Төв банкны мөнгөний бодлогын зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоотой гэдэг санал хэлсэн юм. Банкны хадгаламжийн зах зээл дэх нөхцөл нь хөрөнгийн зах зээлийн хөрсийг эрсдэлд оруулдаг тал бийг Б.Баттөмөр гишүүн хэлээд санхүүгийн салбар дахь эрсдлийг арилжааны банкууд хуваалцах гарцыг хэрхэн тооцсон, хөшүүрэг арга хэмжээг хэрхэн тодорхойлсон, олон улсын туршлагыг нэвтрүүлэх тал дээр анхаарах нь зүйтэйг сануулж байв. Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Энэ үеэр Байнгын хорооны дарга дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, З.Нарантуяа нар багтсаныг танилцууллаа.
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны өмнөх (2018.01.10) хуралдааны үеэр Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасан байдаг. Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих эсэх болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгов
Үүний дараа жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнийг улируулан тус дэд хорооны даргаар сонгох саналтай байгаагаа танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдээс өөр санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улируулан сонгохыг олонх дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.