Уран бүтээлийн ертөнц
“Болор цом 34” наадмын тэргүүн шүлэгчийн ярилцлагыг гүйлгэн уншиж суутал, элэгдэж улирсан оочин цоочин бодлууд гэнэт сэргэх шиг санагдав.
– Өөрийг тань яруу найрагч гэж энэ хүмүүс огт мэдэхгүй байна. Мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Эгдүү хүрмээр байгаа биз ! хэмээн сэтгүүлч асуухад найрагч:
– “Ха ха. Хүмүүс мартдаг юм болов уу. Энэ тухай олигтой тайлбар өгч чадахгүй байна. Утга зохиолын хүрээнд хүртэл мартах хүсэлтэй хүн байх шиг байна” гэж хариулжээ.
Тэгээд ялимгүй бодлогоширолд автав. Ингэхэд хүмүүс чухам хэн, хэнийг мартаж чадахааргүй болтлоо сэтгэл оюундаа тээж яваа, хэнийг мартагнах болсон, хэнийг бүдэг бадаг санаж, хэнийг бүүр огт танихгүй байгааг магадлан нягтлах боломжтой гэж үү? Хэн нэг зохиолчын, яруу найрагчийн, хөгжмийн зохиолч, эсвэл зураачийн бүтээлийг таних эс таних, мартах эс мартах асуудал бол манай энэ цагийн бараг ихэнх хүмүүсийн хошууран дагадагчилан “олны танил болж чадсан” эсвэл чадаагүй, “Болор цом”-д дээгүүр байр эзлэсэн, эзлээгүй, цэнхэр дэлгэцээр олонтоо гарч, сонин, сэтгүүл, “соүшил медиагаар /олон нийтийн мэдээллийн цахим сүлжээ/ ямар давтамжтай үзэгддэгтэй төдийлөн холбогдолгүй, өнөө, маргааш хийгээд цаг хугацааны хязгаар заагаас ч хамааралгүй зүйл юм шүү хэмээн адран, зөрүүдлэх нэгний “бачимдангуй” төрх харагдаад далдрах шиг …
Магад энэ бол хаа нэгтээд, аян замын уртад, аагтай сархадын дэргэд хэдэнтээ сонсож өнгөрөөсөн халуун яриа, зоримог маргааны хэсэг бусагхан дурсамж сөхөгдсөн хэрэг л дээ.
Уран бүтээлчдийн гол төлөв халамцуухан байхдаа өрнүүлдэг, хурц, гашуун, эедүү зөөлөн үгсийн амт хэдэн арван жилийн турш ч мэдрэгдсээр байх нь бий бөгөөд хэзээ нэгтээ гав ганцаараа бодолд эзлэгдэж суухад дотроос цоролзон өндийж, эс бөгөөс учирлан аргадах нь түмэнтээ дотно, дулаахан амуй. Эл учраас улбаалан нэгэн гэгэлзүүр бадаг санаанд унасан нь
“Цаст уулын сууринд Сүрэнгийн Бүрнээ нам гүмхэн улирна
Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхих морьтон Батболд мөн үү…? хэмээн найрагч санаашрах аж. Энэ бол яруу найрагч Гомбосүрээгийн Бямбаагийн “Уянгат нөхдөө дурсахуй” гэдэг шүлгийн мөрүүд юм.
“Хөрөг зураг Дамдинсүрэн абугай
Хөгжим хэмнэлт Цолмонгийн хуруу…” хэмээн эхлэх эл шүлгийн мөр, бадгаас би урьд нь ч хэдэнтээ эш татаж байсныг зарим уншигчид санаж байгаа нь лав. Дээр өгүүлэгдсэн Сүрэнгийн Бүрнээ, Уушийн Батболд нараас гадна хэн хүнд үл анзаарагдам шахам аж төрж, бүтээлээ туурвисаар “нам гүм, чимээгүйхэн улирсаар” ахуй миний мэдэх өдий төдий найрагчид, зохиолчид, уран бүтээлчид газар, газарт бий.
Тэдний тухай дурдъя гэтэл илүү ойр, хажууханд минь болоод ч тэр үү хамгийн эхлээд жинхэнэ Алтайн хөх чулуу байсан гэлцдэг Ховдын Баянзулын Баасанжав агсан, Аюушийн Жаргалсайхан, Аварзэдийн Оюунчимэг, Жамбын Төмөрчулуун, Дашзэвэгийн Өрнөхдэлгэр, Буяндалайн Цогбадрах, Пүрэвдоржийн Гантөмөр, Б.Лхагва-очир, Б.Оюунхүүгээс эхлээд Увсын Билэгт хүмүүн гэгдэх Билэгийн Норов абугай, Төмөрийн Цэдэнсодном, Б.Дагьмэд, Өндөрхангайн Д.Энхбаяр, Тэсийн Б.Баттулга, Говь-Алтайн Гочоогийн Чардаг, Цоодол тэргүүтнээс гадна ажиг сураг алсхан Хөвсгөл нутагтаа суух Пүрэвжалын Майнбаяр гэхчилэн олон олон хүмүүсийн нэр сураг сэтгэлд бууна.
Туулсан амьдралынхаа туршид уулзаж учирч, ижилдэж дассан хэдэн зуун хүний тухай зүрхнийхээ хөлсөөр “хачин өвөрмөц” уран зохиолын дурсгал үлдээмэгц, удалгүй хальж одсон Б.Баасанжав агсаны “Он цаг холдох тусам одоо юм шиг санагдана, хошууны олон та нар минь бодогдох ч шиг янзтай” хэмээсэн сэтгэлийн хайлан гэнэ, гэнэхэн зүрх рүү орох шиг…
“Суманд амьдрах сайхан” хэмээх хээрийн салхины урь, цас, борооны үнэр анхилуулсан “хөдөх” шүлгээрээ 2014 оны Болор цомын дэвжээг мялааж асан Сүрэнгийн Бүрнээ ахыг маань бас ч гэж олон хүн анддаггүй байхад “Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхиж…” үзэгдээд, далдарч одох Уушийн Батболдын тухайд нутаг усныхнаас нь бусад хүмүүс ер гадарлахгүй. Тэр бол яг шүлэгт гарч байгаа шигээ дэндүү зөнгөөрөө, байгаагаараа нэгэн агаад, төрмөл авьяасаас нь хэдэнтээ ундрах, цармын гашуун агь шиг шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтэр дээр буулгаж хадгалахаас хэтрэхгүй, олны хүртээл болгох, сурталчилан таниулах энэ тэрийг барагтай бол тоодоггүй, бор баарагдуу нөхөр.
“Түүж өргөсөн шүлэг гал минь
Түгээж цацдаг зүрхний анир минь
Замд таарах эртний анд минь
Таньд өргөх бэлэг ном минь…
….нарнаас авдаг амьсгал минь
Намраас зээлддэг гуниг минь
Хавраас хүртдэг баяр минь
Хамтдаа явдаг онгод минь..” гэх мэтээр түүний шүлгүүд нэг сонсвол бодлоос ер гарахааргүй.
“Хорвоод хүн үүсэхдээ хоосон байжээ
Хоёр биенээсээ илүүчлэх хогшилгүй байжээ
Тэнгэрээс нар зээлдэж илчээ хийсэн юм байна
Толгодоос цэцэг зээлдэж үнэрээ олсон юм байна
Мөрөнгөөс дусал зээлдэж цусаа сэлбэсэн юм байна
Моддоос навчис зээлдэж, өл залгасан юм байна…” хэмээн учирлана. Зах зээлийн шуурга, амьдралын урсгалд туугдсаар, энэ найрагч Цаст, Мөнххайрхан уул, буйдхан хөдөөгөө орхиод, аймгийн төвд суурьшисан агаад ажилгүйдэл, амьдралын алагчлал, дутуу гацуу, хямрал донсолгооны эргүүлгэнд сэгсчигдэж, чимээгүйхэн шаналж явах шиг санагдах ч амьсгалах нь нарны энтэй, гуниглах нь намрын араншинтай түүний юунд ч юм нэг л даамай итгэл үргэлж цухалзана.
Ховд, Увс, Баян-Өлгий гээд баруун аймаг дахь идэр, залуу насны найрагч, зохиолчид, уран зохиолд шимтэгчдэд загалмайлсан эцэг гэгдэх ардын цэргийн бэлтгэл дэд хурандаа Аюушийн Жаргалсайхан зохиолчтой уулзаж, учраагүй, яриа хөөрөө өрнүүлээгүй, “Явуугийн модны дэргэд ч юм уу, явуулын тэрэгний бүхээгт хундага тулгаагүй нь энэ нутгийнхан болоод ирж, очиж байсан утга зохиолын хүрээнийхэн дотор тун ч ховор болов уу.
Хэн гуайтай ч, ямар ч сэдвээр яриа өрнүүлэх, цэц булаалдан, ном тавилцах өлхөн чадвартай, уншиж судалсан, үзэж сонссон нь чухам хэдэн тэрэг ном болмоор амьдралын их туршлагатай эл эрхэмтэй “буу халахад” үнэн урамтай. Жагаа ах маань гол төлөв хүүрнэл зохиолын богино хэлбэрээр бичиж, үгүүллэг, туужийн бас яруу найргийн хэд, хэдэн ном хэвлүүлсэн. Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын түүнд зориулсан шүлэглэснээр “Уулын хэцийн манан шиг учир битүүлэг” энэ зохиолч нэр алдартай зохиолчдын ном зохиол, үг ярианаас эш татан, сонирхолтой хууч дэлгэж, цэнхэр дэлгэцээр тэднийг гарвал хүүхэд шиг баярлаж, шимтэн дурлах агаад эгэл, энгийн ийм зан төрхөөрөө амьдралын нэгээхэн орон зайг үүрч явах шиг санагдах. Аварзэдийн Оюунчимэг эгчийн бас л ямар ч сэдвээр аль ч талаас нь даацтай, далайцтай авч үзсэн, сонирхолтой ярианд нь шимтэн шимтэмээр. Ажлынхаа зэрэгцээгээр орчуулж буулгасан, бичиж ноороглосон өч төчнөөн зүйлүүдээ дэлгэн үзүүлж, амтат яриандаа автахдаа нэг ёсны “кайф” авч, түүнээсээ таашаал эдлэж байх нь мэдрэгдэнэ.
Энд би санамсаргүй өдөөгдсөн санаа бодлынхоо үзүүрт хөтлөгдөн, гагцхүү өөрийн сайн таньдаг, уулзаж учирч, ярьж хөөрч явдаг цөөн хэдэн хүмүүсийн талаар санаанд илхэн буй ганц нэг зүйлсийг цухасхан дурьдсан төдий юм. Энэ мэтээр тэр бүр олны хараанд өртөж, анзаарагддаггүй ч уран бүтээлд үнэн сэтгэлээ өгч, заавал бүтээж туурвидаггүй байлаа гэхэд түүнд шимтэн дурлаж, утга, уран зохиол, урлаг соёлын ертөнцөөр аялан хэсүүчлэгч сэтгэл нэгт нөхдийг нэг бүрчлэн дурьдана гэвэл энэ багашаархан бичвэр маань хэд дахин сунах учраас ингэсхийгээд товчлоё гэж бодно. Бас ямар ч атугай зохих түвшинд олноо танигдсан, хэр хэмжээндээ нэр алдарт хүрсэн найрагчид, уран бүтээлчид ч миний үгүүлэн буй нутаг орны хүрээнд ганц хоёроор зогсохгүй хийгээд тэдний талаар энэ удаад дурьдахыг азнасан билээ.
Галзад Төмөрийн Цэдэнсодном гэх танхай авъяст нэгэн хаа сайгүй хэрэн хэсүүчилж, эрх дураараа ч гэх юм уу, этгээд ойлгомжгүй ч гэх юм уу, яг л цыган шиг амьдрах агаад, өнөөдөр энд, маргааш тэнд, нэгэнтээ ор сураггүй алга болсноо, хаа нэг газарт чухам хаанаасыг бүү мэд гэнэт гараад ирчихсэн байх.
“Эхний болоод эцсийн хөх замаар
Эцэнги морьтой бөгтөр шогшином
Элчилгүй холд тэнэмэл салхийг хөтөлж
Эгц хяр дээгүүр бөгөн давнам
Өвсний хурим, могойн чуулганд
Өвгөн модны зарыг хүргэнэм
Улиг дарс тархийг идэж
Ужиг өвчнийг сэдлэн байнам…” энэ юуг үгүүлнэм бэ? Магадгүй өөрийнхөө хэрмэл амьдралын замыг заасан “нууц тэмдэг” мэт санагдах нь нэн сонин.
“Хуур чарлуулж, довон дээр бөгтөр суунам
Хуурай дэрс шатааж, долоон үеэ дууднам
Сансрын хөхөмдөг гэрэлд хүүгээ үнсэж
Сарны хөлчүү сормуусанд шүлгээ зүүнэм…” гэснийг үзвээс тэртээх хол сансар хийгээд энэтээх эгэлийн хорвоо дахь орон зайд нэгэн зэрэг амьдраад байх шиг…. ер бусын гайхширам. Заяа бандида Намхайжамцын өвөг эцэг “Хунку заяач”-ын тухай, мөн домогт Ану хатны төрсөн эцэг Ойрдын их баатар “Галдмаа буюу Галдамба”-ын тухай (Ану хатанг Ойрдын Очирт цэцэн ханы охин хэмээн өвөг эцгээр нь овоглох явдал түгээмэл тархсан хэдий ч түүхэн үнэний хувьд энэ мэдээ ташаа бөгөөд Ану хатан нь Очирт Сэцэний хүү Галдмаа (Галдамба) баатрын охин болох нь тодорхой баримтаар нотлогддог) дуулалт жүжгүүд болон тайз дэлгэцийн, түүхэн голдуу анхдагч, ховор бүтээлүүд нэлээдийг туурвисан ч түүнийгээ ер хайхрахгүй шахам, өнөө л У.Батболдтой адилхан олонд таниулах гэж ямар нэг алхам хийх нь үгүй.
Хөвсгөлийн Бүрэнтогтохын уугуул Пүрэвжалын Майнбаяр найрагчтай нутаг алс ч гэлээ дэргэд юм шиг хэлхээ холбоотой байдаг маань цагийн үр, хувь заяаны ерөөл ч байж магад. Утга зохиолын хүрээнийхэнд өндөр үнэлэгдсэн яруу найргийн олон ном бүтээл туурвиж, “Алтан өд”-ийн эзэн болж, МЗЭ-ийн шагнал гардсан түүнийг зохиолчид, утга зохиол судлаач, сонирхогчид андахгүй хэдий ч жирийн олон бол тэр бүр мэдэхгүй. Нутгийнхаа хэн нэгэнд түүний тухай үгүүлтэл “өө “Болор цом” аваагүй найрагчийг бид яаж таних вэ дээ” гэсэнсэн. Нээрээ л манай олон нийт “Болор цом” атгаагүй ч юм уу, тэр наадамд дээгүүр байранд давхиагүй бол нэрд гарсан яруу найрагч бус гэж үзэж буй энэ цагт Майнбаяр найрагч, цом гардаж, нэрээ мөнхлөхгүй, хойргошин суугаа нь нэг л базаахгүй зүйл дээ гэх шүү юм бодож, тэр эрхэмийг зөвтгөхөөс аргагүй болсонсон.
Ийнхүү “цом”-ын тухай яриа цухалзах төдүйд миний үгүүлэн буй хөдөөний голдуу “болхи, толхи” нөхдийн маань дунд хааяа нэгхэн өрнөөд авдаг “чих халууцам” яриа хөөрөө сэлтүүд зурасхийгээд өнгөрнө. Ховдын найрагч Баасанхүүгийн Баяраа нэгэнтээ “Болор цом”-ын эзэн болсон найрагчийн тэргүүн шүлэг нийтлэгдсэн “Утга зохиол урлаг” сонины дугаарыг барьчихсан халамцуухан ороод ирэв. “Энэ шүлгийг чи хар даа. Эхний хэсэг дэх хоёр мөрийг сүүлчийнхээ хэсэгт дахиад хуулаад тавьчихсан байх. Бичих үг нь олдохгүй болохоор ингэдэг бололтой. Тэгээд хөөрхий шүлэг ч гэж шүлэг л юм. Өвөг дээдсээ магтаж сайрхаад байгаам уу гэтэл түрэмгий, эзэрхүүгээр нь дуудаж шоглож тохуурхаад ч байгаа юм шиг холион бантан л байна шүү дээ” гэж байна. Хэлснийг нь лавлаад уншиж үзвэл нээрээ л тийм анзаарагагүй алдаа гэхээр зүйлүүд байж л байсан. Энэ мэтчилэн хурц гярхай, билэг танхай хэрнээ эгэл боргилхон нөхдийн дундаас нэгэн аравны чөлөөнд нэрийг олоогүй хэдий ч хэдэн зуунаар тасрахгүй дориун сайн зохиол бүтээл туурвин буйг хэн, хэрхэн шүүн дэнслэж чадахсан билээ…
Олны энэ мэт аяс хандлагууд юуг илэрхийлж байна гэхээр зохиолчид уран бүтээлчид, судлаач эрдэмтдийн бүтээл туурвилыг уншиж судлаж, өөрийн оюунаар мэдрэхээсээ илүүтэй, дээр үгүүлсэн хийсвэр үзүүлэлтээр урьдчилан үнэлгээ тогтоож, амарчилан дүгнэх дуртай, хамхуул шиг салхины аясыг дагаж хийсэх дуртай, нэг тийм ямар ч гэмээр юм бэ дээ сэтгэлгээг энэ цаг үе маань хүмүүст “төлөвшүүлж” байх шиг.
Гэсэн ч дээр цухалзуулсанчилан өнөө цагийн олон нийтийн ойлголт үнэлэмжээр бол болор цом аваагүй, ямар нэг уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлээгүй, нэр нөлөө ихтэй хэн нэгэн хүний үнэлэмж магтаалд хавчуулагдаагүй, цэнхэр дэлгэцээр олон удаа гарч, танигдаагүй бол шальтай зохиолч, найрагч, уран бүтээлч биш болж таарна.
Орон нутгийн хэсэг зохиолчид уран бүтээлчид хамтраад, аймгийнхаа төр захиргааны зүгээс явуулж буй соёлын бодлогын талаар санал бодлоо илэрхийлэхээр, бас тодорхой санал дэвшүүлэхээр ажил хариуцсан даргатай уулзаж л дээ. Тэгтэл “та нар муусайнууд нэрд гарч, олны танил болоогүй байж юугаа яриад байгаа юм. Бид олонд нэр сүрээ дуурсгасан том зохиолчид, уран бүтээлчдийг нийслэл хотоос урьж, хамтарч ажиллана. Та нар мэтсийн хувьд бол арай болоогүй байна” гэх шүү юм ярихад нь манай нөхөд ч мөчөөгөө өгөхгүй мэтгэлцэх аядаад, өнөөх даргын бүүр дургүйг нь хөдөлгөж орхисон явдал бий.
Олны энэ мэт аяс хандлагууд юуг илэрхийлж байна гэхээр зохиолчид уран бүтээлчид, судлаач эрдэмтдийн бүтээл туурвилыг уншиж судлаж, өөрийн оюунаар мэдрэхээсээ илүүтэй, дээр үгүүлсэн хийсвэр үзүүлэлтээр урьдчилан үнэлгээ тогтоож, амарчилан дүгнэх дуртай, хамхуул шиг салхины аясыг дагаж хийсэх дуртай, нэг тийм ямар ч гэмээр юм бэ дээ сэтгэлгээг энэ цаг үе маань хүмүүст “төлөвшүүлж” байх шиг.
Дээрээс нь уран бүтээлчдийн санал бодлыг сонсох, тэдний өмнө тулгарч буй аливаа асуудлыг авч үзэх, хэлэлцэх, шийдэл гаргахын төлөө хичээх энэ тэр бол манай өнөөдрийн төрийн бодлогод бараг л “хориотой” шахам зүйл гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү зүйлийг холбогдох албаны хүмүүстэй ярих юм бол бодлого төлөвлөлтөнд тийм юм байхгүй юм чинь бид яах вэ дээ хэмээн үнэнийг өчих учир, ойлгоод л чимээгүй болох нь зөв гэхүү дээ. Ийм нөхцөлд амьдрал, амь зуулгынхаа хажуугаар уран бүтээлийн мөр хөөж, түүний төлөө явна гэдэг бол ёстой нөгөө “ногоон тэмээний хажуу” гэмээр авч, уран бүтээлчид бас ч гэж гандан буурахгүй хийдгээ хийсээр байх нь атаархал төрүүлэх шиг.
Магадгүй энэ байдал бидний өөрсдийн маань хувьд нийгмийн тулгарсан асуудлын талаар бодож санаж, зовниж, шаналж, байгаагаа илэрхийлж тэмцдэггүй, аясыг харамтгай, зарим талаараа аялдан дагалдамтгай, эсвэл хэтэрхий ихэрхэн бодож, энэ нийгэм, улс төрийн явдал бидэнд падгүй, бид үүнээс хувь илүү дээд сууринд очсон хүмүүс, ийм аар, саартай зууралдахгүй гэх янзын санаа агуулдагаас болж байна гэсэн утгатайгаар энэ цагийн нэрт бичгийн хүн хэмээн миний хүндэтгэж явдаг зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийн бичсэн нь эрхгүй санаанд бууна.
Яагаад ч юм би үл анзаарагдам атлаа ер бишийн соньхон, тийн нам гүмхэн хорвоод дуртай билээ…
Дашрамд нь утга, уран зохиол, урлаг соёлын мөн чанар, үндэс язгуур хийгээд нөлөө сүүдрийн талаар эрэгцүүлэхийг хичээвэл тэдгээр нь хүний амьдралын хэдэн үеэр зогсохгүй хэдэн зуу, мянган жилээр зүрх сэтгэлд оршиж, амьдрах хосгүй чадварыг их, бага хэмжээгээр агуулсан байх агаад үүний үнэлэмж нь аливаа зүйлийн амт, шимтийг шингээн, ойлгож авч байж, сая дүгнэн бодох хэмжээний зан чанарыг өөртэй бий болгосон соёлт ард түмэн хийгээд бүхнийг тунгаах сүүлчийн найдвар гэгдэх цаг хугацаанд л байх болов уу гэсэн мөхөс бодолд “ороогдоно”.
Яагаад ч юм би үл анзаарагдам атлаа ер бишийн соньхон, тийн нам гүмхэн хорвоод дуртай билээ.
Хэн нэг уран бүтээлч аг чигхэн аж төрсөөр, ямар нэг соньхон бүтээлээ өөрөөсөө бусдад үзүүлэлгүй шахам хадгалсаар хожмын өдрүүдэд үлдээгээд одох, хэнэггүйхэн зарим нөхдийн маань мөнөө танигдаагүй шахам зохиол номтой тааралдсан нэгэн “шалихгүй амьтан биз ээ” гэх шүү юм бодож тоомжиргүйхэн ширвэх, жил жилийн “Болор цом”, “Алтан өд”-ийн тухай ч юм уу, “бэстселлер” болж /цууд гарсан/ гэх, сургаар тодорсон сүрхий эрэлттэй бүтээл номын тухай шуугин дарвих, шивэр авир гэх сэлтүүд энэ цаг дор эрээлжилнэ.
Үе, үед л ийм байсан, хойшид ч ийм байх биз ээ гэж бодоход нэг л тийм гэх аргагүй “сэтгэл татам” аязтай.
Яруу найрагч, зохиолч Хиргис Г.Төрмөнх
Ховд хот
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.