Онгон байгаль, нүүдэлчин монгол, дээлтэй монгол гэдэг сэдвээр аялал жуулчлалын ашиг орлого хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрчээ. Дэлхийн улс орнууд өдөр бүр шинэ зүйлс сэдэж, өөр хоорондоо хүчтэй өрсөлдөж, аялал жуулчлалын орлого нь 3-4 хувь буурахад л үймэлдэн сандралдаж байхад Монголын аялал жуулчлалын өсөлт бууралт хэрхэн хэмжигдэж байгааг нарийвчлан судалж буй салбарын судалгааны байгууллага гэж алга. Зөвхөн хил гаалиар гарсан гадаад хүнийг тоолоод “гадаадын жуулчин” гэдэг тоог гаргаж байгаа юм.
Монголд өвлийн аялал жуулчлал хөгжих боломж бий юу?
Урин дулаан цаг нь аялал жуулчлалын хамгийн таатай үе байдаг хэдий ч сая жуулчин хүлээн авах зорилгоо биелүүлэхийн тулд “жуулчны улирал”-ыг уртасгах бодлого зайлшгүй шаардлагатай. Өвлийн хүйтэн цагийг есөн хоногоор есөн үед хувааж тухай бүрийн онцлогоор ярьдаг заншил Монголоос өөр оронд байхгүй. Өвөл болдоггүй, цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэхэд сэдэв дутахааргүй өргөн.
Монгол улс хоёр бөхтэй тэмээгээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн тэмээний 90 хувь нь ганц бөхтэй учраас сурталчилгааны давуу тал манайд бий. Тэмээгээр аялахад хамгийн сайхан цаг үе бол 9,10,11 дүгээр сарууд юм. Машин тэрэг үүсэхээс өмнө 2000 жилийн түүхтэй Торгоны зам, 300 гаруй жилийн түүхтэй Цайны замд тэмээн жингээр бараа товар зөөвөрлөдөг байсан. Торгоны зам, Цайны замын түүхүүдийг хоёр бөхт тэмээтэй холбож аялал жуулчлалын менежмент хийх нь ашигтай.
Аялал жуулчлалын маркетинг сурталчилгааны өнгө төрхийн 90хувь нь урин дулаан зун цагийг илэрхийлж байдаг нь “Монголд зөвхөн зун л аялдаг юм байна” гэх ойлголтыг шууд төрүүлдэг. Сурталчилгааны 50 хувь хүртэл орон зайг өвлийн өнгөөр сольж, хүйтний улиралд хийх боломжтой аяллын маршрутыг олон сонголтоор төлөвлөх хэрэгтэй.
Хүйтний улиралд нисэх онгоц, галт тэрэгний тасалбар, зочид буудал, тусгай үзвэрийн үнийг 30 хувь хүртэл хөнгөлөх систем рүү шилжүүлэх, аялал жуулчлалын бүс бүрд өвөл зунгүй ажиллах жуулчны баазыг сонгон шалгаруулж бүх татвараас нь чөлөөлөх боломжтой.
Хүйтний улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд техник хэрэгслийн хангамж зайлшгүй шаардлагатай бөгөөд орчин үеийн технологийн шаардлага хангасан цана, тэшүүр, өвлийн дугуй, мотоцикл, чарга, цасны машин, цасны завь, хиймэл цасны төхөөрөмж, уулын аяллын хэрэгсэл, өвлийн аяллын хувцас хэрэглэлийн импортонд татварын хөнгөлөлт урамшууллын бодлого хэрэгжүүлж дэмжих хэрэгцээ бий.
Хүйтний менежментэд бас нэгэн боломжит сэдэв бол монголчуудын “Цагаан сар” юм. Хятадууд нүүдлийн соёл, цагаан сарын уламжлалт ёс заншлыг Өвөрмонголоор дамжуулан танилцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, монгол ба хятад соёлыг нэгэн зэрэг сурталчлах бодлого хэрэгжүүлж байна. Нүүдлийн соёлын жинхэнэ голомт болсон Монголд тэдгээр жуулчдыг татаж ирүүлэх боломж бий.
Монголын бренд болсон ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийн жуулчдын анхаарлыг татаж шоппинг аяллын орлогоор Азидаа тэргүүлэх боломж байна. Япон улс цагаан сарын долоо хоногоо “Хар 7 хоног” гэж нэрлэдэг бөгөөд Япон даяар бүх бараа 50 хувиас доош үнийн хямдрал зарладаг тул Зүүн өмнөд Азийн шоппинг турын аялагчид тэр үеэр “хахдаг” гэж хэлж болно. Якут гэхэд жил бүрийн 9-р сард дэлхийн алмааз эрдэнийн чулууны наймаачдыг татаж чадаж байна. Үүнтэй адилхан Монгол улс жил бүрийн 12-р сард зочид буудал, ноолууран бүтээгдэхүүндээ маш сайн хямдрал зарлаж гадаадын худалдан авагчдыг татаж “Ноолуурын сар” болгон хэвшүүлж чадвал өвлийн аялал жуулчлалд томоохон түлхэц өгч чадна.
Монголд морин чарган дээр дах нөмөрч, дэгтий өмсөн, үнэгэн лоовууз толгой дээрээ тавьчихаад аялж яагаад болохгүй гэж. Хойд туйлд ойрхон бүсүүдэд 10-20 мянган ам доллар зарцуулан байж аялдаг жуулчдын 90%-ийг Хятад тэргүүлж, Япон удаалж, Америк гуравдугаарт ордог судалгаа байна. Дах, дэгтий, үслэг малгайнуудыг жуулчинд зориулан үйлдвэрлэж өвлийн эвентүүдийн хүрээнд “өвлийн монгол хувцасны шоу” зохион байгуулж болно.
“Улаанбаатарын өвлийн наадам” сүүлийн жилүүдэд улам чамбай болж байгааг ашиглан хугацааг нь уртасгаж, Норвеги, Канадын өвлийн наадмууд шиг өргөн болгож тэдний хөтөлбөрүүдээс хэрэгжүүлэх боломжтойг нь “авах” хэрэгтэй. Сэлбэ голын хөндийг тэр чигээр нь мөсөн гулгуурын талбай болгоод, Сүхбаатарын талбайд байгуулдаг мөсөн гулгуураа томруулж тогтмолжуулаад байх хэрэгтэй.
Гадныхан манай өвлийн аяллыг сонирхдоггүйдээ биш, Монгол Улс мэдээллээ хүргэж чаддаггүйд хамаг учир байна.
Хойд туйлаас 900 км зайтай Франц улс Иосифийн арлаа, АНУ Аляскийн хойгоо, Норвег улс Шпицбергээ “өвлийн аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Эдгээр газруудад байдаг шиг цастай уул, цасан тал, мөсөн гол бүгд Монголд байна. Хятад, Японы хувьд хаяанд нь байгаа Монголыг алгасан тэр алс холын цас мөс рүү явж байгаа нь сонирхолдоо хөтлөгдсөн биш гэж үү. ITB, WTM, JATA, Бээжин, Хонконгийн гэх мэт олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохдоо өвлийн эвент, аяллын хөтөлбөрүүдээ түлхүү сурталчлах шаардлагатай.
Санамсаргүйгээр нөлөөлдөг мэдээллийг багасгаж “манай орон маш хүйтэн, өвөлдөө -30 хэм хүрдэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай, та даарч мэднэ, та зун л аялсан нь дээр” гэж ухуулдагаа больж жуулчдын сонирхлыг гацаадаг сөрөг үр дагавраас зайлсхийцгээе.
Эх сурвалж: “Бизнес ба хөгжил” сэтгүүл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.